Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд шөвг өрсөн 16 бөхийн шинжилгээний эхний сорьцын хариу наймдугаар сард гарч, хоёр бөхөөс сэргээш илэрсэн нь тогтоогдсон. Гэхдээ давтан шинжилгээгээр баталгаажаагүй байхад сэргээшийн төрлийн бэлдмэл хэрэглэсэн бөхийн нэрийг зарладаггүй гэх шалтгаанаар өдий хүртэл энэ асуудлыг нууцалсан. Тэгвэл дээрх хоёр бөхийн B сорьцын хариу саяхан ирж, улсын арслан Х.Мөнхбаатар, начин Б.Сугаржаргал нарын шинжилгээнээс сэргээшийн төрлийн бодис илэрснийг мэдэгдсэн гэнэ.
Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулах гэтэл нэг нэгэн рүүгээ бултуулаад ам нээх шинжгүй. МҮБХ-ныхон “Наад асуудлаа Допингийн эсрэг үндэсний төвийнхнөөс асуу. Бидэнд мэдэх зүйл байхгүй” гэсэн бол өнөөх төвийнх нь нарийн бичгийн дарга Ч.Насанбат “Энэ тухай би мэдээлэл өгөхгүй. Тэгээд ч чамайг сониноос ярьж байгаа гэдэгт яаж итгэх юм” хэмээв.
Харин улсын начин Б.Сугаржаргалаас өөрөөс нь энэ талаар тодруулахад “Одоохондоо надад энэ тухай албан ёсоор бичиг ирээгүй байна. Хэрэв сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол бидэнд албан ёсоор мэдэгдэх ёстой шүү дээ” гэлээ. Наадмаас хойш бараг дөрвөн сар өнгөрчихөөд байхад хэн гэдэг бөх сэргээш хэрэглэснийг тогтоох шинжилгээний хариу өдий хүртэл гарахгүй, гарсан хойно нь ийнхүү нууцалж байгаа нь ямар учиртай вэ. Үнэхээр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон л юм бол Баяр наадмын тухай хуулийнхаа дагуу бөхчүүдийн нэрийг зарлаж, цол чимгийг нь хураан, барилдах эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авах ёстой биз дээ. Тэгж чадахгүй юм бол сүр дуулиан болж, хөрөнгө мөнгө зарлагадан ийм шинжилгээ хийхийн хэрэг байна уу.
Л.ГАНЧИМЭГ