“Саусгоби ресурс” компанийн хуулийн ерөнхий зөвлөх, Австралийн иргэн хатагтай Сара Армстронгийг өнгөрсөн баасан гаригт Хонконг руу явах гэж байхад нь Авлигатай тэмцэх газрынхан саатуулсан талаар www.au.news.ya hoo. com цахим хуудаст мэдээлжээ. Тэрбээр тус компанид хоёр жил гаруй ажиллаж буй бөгөөд Хонконгт амьдарч байсан юм байна. Мөнгө угаасан, манай нөлөө бүхий өндөр албан тушаалтнуудад авлига өгөхийг завдсан гэсэн үндэслэлээр саатуулсан хэмээн уг цахим хуудаст дурдсан аж. Энэ талаар Монгол Улсаас Австралид суугаа Консулын газрынхнаас дээрх сайтынхан тодруулахад “Уг асуудалтай холбоотой ямар нэгэн мэдээлэл алга” гэжээ.
Харин Авлигатай тэмцэх газрын албаны эх сурвалж “Австралийн иргэнийг саатуулсан нь үнэн. Хэргийг шалгаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Өмнө нь “Саусгоби ресурс”- ийн охин компани болох “Саусгоби сэндс”-ийн ерөнхийлөгчийг Монголоос гарахыг нь манай хууль хяналтын байгууллагынхан хориглож байсан. Энэ асуудалтай холбоотойгоор Австралийн иргэнийг баривчилсан эсэхийг лавлахад АТГ-ын нэрээ хэлэхийг хүсээгүй дээрх эх сурвалж “Холбоотой учраас шалгаж байгаа” гэхээс өөр хариулт өгсөнгүй.
Уг асуудалд саяхан манайд үүдээ нээсэн Автралийн ерөнхий Консулын газрынхан ямар байр суурьтай байгааг тодруулахад “Бид ямар нэгэн мэдээлэл өгөхгүй” гэв. Харин “Саусгоби ресурс” компанийн Гадаад харилцаа, олон нийттэй харилцах албаны дарга н.Алтанбагана “Би хөдөө явж байна. Энэ талаар мэдээлэл алга” гэлээ.
С.ЗАЯА