Төрийн засаглалын нэг хэлбэр нь шүүх. Шүүгч эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ хэнээс ч хараат бус байж, хуульд захирагдаж, Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй. Харамсалтай нь шүүгчдийн зарим нь энэ эрх мэдлээ хэтрүүлэх, ажлаа мөнгө олох хэрэгсэл болгож, өндөр нэр хүндтэй албаа арилжих нь байсаар. Тэр дундаа анхан шатны шүүхийн шүүгч нар гэмт хэрэгт холбогдох, бусдаас авлига авах, хүнийг хэлмэгдүүлэх гэх мэт ёс зүйгүй үйлдэл гаргасан хэд хэдэн тохиолдлыг шүүхээр шийдвэрлэж байв.
Тухайлбал, Төв аймгийн Сум дундын II шүүхийн шүүгч Д.Оюунжаргал албан тушаал эрх мэдлээ ашиглаж бусдын эд хөрөнгийг бүлэглэн дээрэмдсэн дөрвөн залууд авсан цагдан хорих арга хэмжээг өөрчлүүлнэ, эрүүгийн хэргийг нь тэдэнд ашигтайгаар шийдвэрлүүлж өгнө хэмээн ар гэрийнхнээс нь 2.9 сая төгрөг, Баянгол дүүргийн шүүхээр хэргийг нь шийдвэрлэсэн шүүгдэгч Ш.Батмөнхийн хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлж өгнө гэж эхнэрээс нь 10 сая, Төв аймгийн Сум дундын II шүүхэд хэлэлцүүлэхээр шилжүүлсэн П. Батдагвад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ эгчээс нь зээл нэрээр 3.5 сая төгрөг залилан авчээ. Тэрбээр энэ хэрэгтээ хоёр жил тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн. Түүнээс гадна хэд хэдэн шүүгч албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт холбогдож байсан. Албан тушаал эрх мэдлээ хэтрүүлсэн шүүгч нарын нэг нь Завхан аймгийн Сум дундын шүүхийн шүүгчээр ажиллаж байсан С.Энхболд.
ХУУРАМЧ БАРИМТ БҮРДҮҮЛЭХДЭЭ ШҮҮХИЙН ЗАРЛАГАА ХҮРТЭЛ АШИГЛАЖЭЭ
Шүүгчээр томилогдсон хүн 30 хоногийн дотор тангараг өргөдөг. “Шүүгч би аливаа хэрэг, маргааныг зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүй, шударга ёсыг чанд сахиж явахаа батлан тангараглая” хэмээн андгайлдаг журамтай. Харамсалтай нь шүүгч С.Энхболд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон бусад хуулийг уландаа гишгэж, ёс зүйн хэм хэмжээгээ хөсөр хаяснаасаа болж ял шийтгүүлсэн байна. Ингэхдээ хамт ажиллаж байсан хүмүүсээ ч хөлдөө чиржээ. Завхан аймгийн сум дундын II шүүхийн шүүхэд шүүгчээр ажиллаж байсан тэрбээр 2008 оны арваннэгдүгээр сард тус сум дахь ХААН банкны тооцооны төвийн нэхэмжлэлтэй Б.Дүгэрсүрэн гэх хүнд холбогдох иргэний хэргийг хүлээн авсан байна. Гэвч гомдол нь алдаатай, гомдол гаргаж буй хүн шүүхэд шаардлага хангахгүй өргөдөл өгсөн байж. Тиймээс шүүгч С.Энхболд хэргийг хүлээн аваад гомдол гаргасан тус банкны Тосонцэнгэл дэх тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Т.Алтанцэцэгээр нэхэмжлэл бичүүлсэн аж. Энэ тухайгаа “2008 оны арваннэгдүгээр сарын 3-нд ХААН банкны нэхэмжлэлтэй, Б.Дүгэрсүрэнд холбогдох иргэний хэрэг манайд ирсэн. Бид Б.Дүгэрсүрэнд нэхэмжлэлийг танилцуулахад “Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Би тэр мөнгийг аваагүй, манай ах Б.Ренчинбазар авсан” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Т.Алтанцэцэгт хэлээд хариуцагчийг солихыг зөвшөөрсөн тухай хүсэлт тайлбар бичүүлж авсан. Ингээд Т.Алтанцэцэг Тосонцэнгэлээс явсан юм билээ. Тэрбээр хүсэлт гэдгийг өргөдөл гэж бичсэн байхаар нь “Засах хэрэгтэй байна” гэж хэлэхэд “Улаанбаатар хотод, эсвэл аймгийн төвд байна” гээд ирэхгүй байсан. Эцэст нь шүүхийн зарлага П.Нямсүрэнгээр өргөдлийн агуулгыг хэвээр бичүүлж, толгойг нь хүсэлт гаргах нь гэж өөрчилсөн” хэмээн тайлбарлажээ. Түүний хууль бус аргаар нотлох баримт бүрдүүлснийг олон хүн гэрчилдэг. Тэдний нэг нь ХААН банкнаас зээл авсан Б.Дүгэрсүрэн. Тэрбээр “Нэг удаа С.Энхболд шүүгч намайг дуудаж ХААН банкнаас өөрийн чинь нэр дээр нэхэмжлэл ирлээ” гэж хэлсэн. Энэ хэрэгт Б.Ренчинбазар ахыг иргэний хариуцагчаар татсаныг мэдээгүй. Хавтаст хэргийн 27, 34, 36 дугаар хуудсанд би гарын үсэг зураагүй” гэж мэдүүлсэн байна. Шүүхийн зарлагаар ажил ладаг П.Нямсүрэн тайлбар өгөхдөө “С.Энхболд шүүгч намайг юм бичээд өгөөч гэж гуйсан, би тухайн үед “завгүй байна, юу вэ” гэж асуухад энэ өргөдөлд толгойг нь буруу бичсэн байна, засаж бичээд доторх агуулгыг нь хэвээр нь бичээд өгөөч” гэж гуйсан. Тэгээд цэнхэр өнгийн балаар бичсэн нэг хуудас өргөдлийг засаж бичсэн. С.Энхболд шүүгч миний хажууд хараад зогсож байсан. Тухайн үед ямар агуулгатай, хэн гэж хүний өргөдлийг засаж бичсэнээ сайн санахгүй байна” гэжээ.
ХАВТАСТ ХЭРГЭЭС ЗАРИМ ХУУДАС АЛГА БОЛОХОД ШҮҮГЧ ОРОЛЦСОН УУ
Харин хэргийн оролцогч Б.Ренчинбазар “Би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ХААН банкнаас таван сая төгрөгийн зээл авсан. Зээлээ графкийн дагуу төлж байсан. Ажлын шаардлагаар Улаанбаатар хот руу шилжээд байтал Тосонцэнгэл сумаас шүүгч С.Энхболд ирж “Уулзмаар байна” гэсний дагуу очсон. Гэтэл уулзаж байхад “Чи дүү Б.Дүгэрсүрэнгийнхээ нэр дээр таван сая төгрөгийн зээл авсан байна. Энэ зээлийнхээ үлдэгдлийг төлөх юм уу” гэж асуухаар нь “Зээлээ заавал буцааж төлнө. Энэ хэргийг чамаар шийдүүлэхгүй. Бид хоёр өс хонзонтой” гэж түүнд хэлсэн. Би түүнд энэ хэргийн талаар бичиг хийж өгсөн боловч хавтаст хэргээс алга болсон. Тухайн үед “ХААН банкны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна, харин зээлийн хүүг зогсоож, үндсэн зээлийг төлөх хугацааг хойшлуулж өгнө үү” гэж С.Энхболд шүүгчийн хэлснээр тайлбар бичиж, гарын үсэг зурсан. Ингээд энэ асуудал чимээгүй болохоор нь би 2011 оны наймдугаар сард Завхан аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж хүсэлт гаргаснаар ХААН банкны нэхэмжлэлтэй, надад холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэсэн болохыг мэдсэн. Хэргийн материалтай танилцаж байхад зарим нэг бичиг баримт алга болсон байсан.
Хавтаст хэргийн 34-36 дугаар хуудсанд байгаа цэнхэр өнгийн балаар бичсэн тайлбарын дор байгаа гарын үсэг минийх биш. Би энэ хуудсуудад гарын үсэг зураагүй. Бидний хооронд өс хонзонгийн шинжтэй асуудал 2008 оны тавдугаар сард болсон юм. Тухайн үед Тосонцэнгэл дэх Сум дундын II шүүхэд иргэн Балган сүрэнд холбогдуулан би иргэний нэхэмжлэл гаргасан. Шүүгч С.Энхболд энэ хэргийг сайн мэдэж байсан. Улмаар шүүх хурлыг удаа дараа хойшлуулж байсан. Түүгээр зогсохгүй хэргийн хариуцагч Балгансүрэнтэй архи ууж, ёс зүйн зөрчил гаргаад байхаар нь Улсын Дээд шүүхийн Сахилгын хороонд хандаж өргөдөл бичиж байв. Улмаар Балгансүрэнтэй архи уусан нь тогтоогдож түүнд сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Энэ асуудлаас болоод шүүгч С.Энхболд ХААН банкны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хуурамч нотлох баримт бүрдүүлж, хэргийг хэт нэг талыг барьж шийдсэн” гэж мэдүүлжээ
“АХ НЬ АРЫГ НЬ ДААНА, ГАРЫН ҮСГЭЭ ЗУРЧИХ”
Түүнээс гадна хэргийн оролцогч, хариуцагч Б.Ренчинбазарын гарын үсгийг дуурайлган зуруулж, хавтаст хэрэгт хавсаргасан аж. Гэрч Р.Сарантуяа “2008 оны сүүлчээр би ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа орсон. Тэр үед ХААН банкны нэхэмжлэлтэй, иргэн Б.Дүгэрсүрэнд холбогдох иргэний хэрэг манай шүүхэд ирсэн байсан. Хариуцагчийг дуудаж түүнд нэхэмжлэлийн хувийг гардуулахад “Би энэ зээлийг аваагүй, манай ах Б.Ренчинбазар авсан, иймд энэ хэргийн хариуцагчийг сольж өгнө үү гэсэн утгатай тайлбар бичиж ирүүлсэн. Энэ тухай нэхэмжлэгчид танилцуулж, хариуцагчийг Б.Ренчинбазараар сольсон. Тэгээд энэ хэргийг шийдвэрлэсний дараа өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу хавтаст хэргийг эмхтгэж байтал нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Алтанцэцэг гарын үсгээ зураагүй байсан. Энэ тухай би шүүгч С.Энхболдод хэлэхэд Т.Алтанцэцэгийг дуудаж гарын үсгийг нь зуруулахаас гэж байсан.
Манай шүүхэд аймгийн шүүхээс шалган туслах багийнхан ирэх болоход би хэргүүдээ дахин янзалж байтал Т.Алтанцэцэгийн гарын үсэг зурагдаагүй хэвээр байсан. Энэ тухай хэлэхэд “Т.Алтанцэцэг ирнэ гэчихээд ирэхгүй юм. Би Т.Алтанцэцэг рүү дахиж хэлээд өгье” гэж тэр үед хэлсэн юм. Маргааш нь Т.Алтанцэцэг ирээгүй. С.Энхболд шүүгч “Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Т.Алтанцэцэг ирэхгүй нь” гээд на майг түүний гарын үсгийг дуурайлгаж бичээд хэргээ янзалчих” гэсэн. “Энэ хэрэг чинь хэл ам ихтэй, маргаантай. Ингэж болж байгаа юм уу” гэж хэлсэн. Шүүгч “Нэгэнт хэрэг шийдэгдсэн юм чинь энэ тал дээр санаа зовоод байх хэрэггүй. Болохгүй бол арыг нь ах нь даана” гэж байгаад Т.Алтанцэцэг гэж бичүүлсэн” хэмээн тайлбарлажээ. Шүүхэд зээл төлүүлэхээр иргэний нэхэмж лэл гаргасан ХААН банкны тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Т.Алтанцэцэг “Хар өнгийн балаар бичсэн Завхан аймгийн сум дундын II шүүхэд гэсэн хүсэлтийг би бичээгүй, гарын үсэг нь ч биш байна.
Шүүгч С.Энхболд надтай уулзаад “ХААН банкнаас авсан зээлийг Б.Дүгэрсүрэнгээр дамжуулж, Б.Ренчинбазар авсан юм уу. Энэ зээлийг хэн төлөх юм бэ” гэж асууж байсан. Хүсэлт бичсэн хүний бичгийн хэлбэрийн харахад жигд гаргацтай, хойшоо налуу хэлбэртэй бичсэн байна. Миний бичгийн хэлбэр таталсан, боловч гаргацтай байдаг. Би С.Энхболд шүүгчид иргэний хэргийн хариуцагчийн талаар ямар нэгэн хүсэлт гаргаж өгч байгаагүй. Нэг удаа манай ажил дээр ирээд энэ талаар ярилцсан. Мөн хавтаст хэргийн 36 дугаар хуудаст байгаа хар өнгийн балаар бичсэн Т.Алтанцэцэг гэсэн гарын үсэг минийх биш. Энэ хэргийн материалтай би огт танилцаж байгаагүй” гэж ярьжээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалисткийн шинжилгээний хэлтсийн Бичиг судлал, бичиг техникийн лабораторийн шинжээч нар хавтаст хэргийн нотлох баримт болох гарын үсгүүдийг харьцуулан дүгнэлт гаргажээ. Гарын үсгүүд нь Р.Сарантуяа, П.Нямсүрэн нарын бичгийн хэвтэй тохирсон аж.
Сонгинохайрхан дүүргийн шүүх уг хэргийг хянан хэлэлцээд Завхан аймгийн Сум дундын II шүүхийн шүүгчээр ажиллаж байсан С.Энхболдыг Эрүүгийн хуулийн 250, 253 дугаар зүйлд зааснаар шүүгч хувийн бусад сэдэлтээр, илт хууль бус шийдвэр гаргасан, иргэний шүүн таслах ажиллагаанд шүүгч нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Улмаар 2.6 жилийн хорих ял оноож, С.Энхболдыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж уг ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар болжээ
Г.ЦОЛМОН