Монголчууд эртнээс нааш таван хошуу малаа буянт мал хэмээн дээдэлсээр ирсэн. Гэтэл буянт мал руугаа халуун, хүйтэн зэвсэг барин дайрч хядах явдал сүүлийн үед бишгүй дуулдах болов. Ийм нэг жигшүүрт хэрэг Хэнтий аймагт гарчээ. Суурин газрын малчид малдаа өвс бэлтгэж, хашаандаа буулгадаг. Тийм нэгэн айлын хашаанд хөршийнх нь гурван үхэр орж, хураалттай өвснөөс нь идсэн байж. Энэ явдал хоёр өдөр гарсан юм байх. Гэтэл гэрийн эзний хүү тохой хэрийн урт хутгаар өвсний хашаанд нь “дураараа нэвтэрсэн” гурван үхрийг баруун, солгойгүй бүлжээ.
Хоёр үхэр нь шархны халуун болж, нүд аньсан байна. Арай хөнгөн шархтай нь амьд үлдсэн гэнэ. “Үхсэн үхрүүдээ өвчиж байхдаа гэдэс дотрыг нь үзэхэд бөөрнийх нь судас тасарсан, дэлүү, гүзээ нь хутгаар сийчүүлсэн байсан” гэж эзэн нь өгүүлжээ. Энэ мэдээг сонссон нутгийнхан нь “Орчин үеийн хүүх дүүдэд хүний мөс чанар, малаа хайрлах сэтгэл байхгүй болжээ” хэмээн халаглаж байсан аж.
Өвснийх нь хашаанд орсон айлын малыг хашиж байгаад эзнийг нь ирэхээр учир явдлыг нь ойлгуулж, малаа адгуулж байхыг захиад өгч явуулдаг малч ухаан алга болоо юу даа.
Г.АРИВЖИХ