АНУ-ын Нью-Йорк хотын “Heritage Auctions”д 1.052.500 ам.доллараар зарсан “Тарбозавр батаар” үлэг гүрвэлийн ясыг Монгол Улсаас хууль бусаар хил давуулан гаргасан хэрэгт холбогдсон Эрик Прокопиг АНУ-ын цагдаагийн ажилтнууд энэ сарын 17-ний өглөө баривчилжээ. Тэрбээр “Монголд ирж байгаагүй” хэмээн удаа дараа мэдүүлэг өгч байсан ч түүнийг “Тарбозавр батаар”- ын араг ясыг хууль бусаар хил давуулж, дуудлага худалдаанд оруулсан, эртний эдлэл, олдворыг наймаалсан, шүүхэд худал мэдээлэл өгсөн үйлдлээр нь буруутган Флорида мужийн Гайнесвил дахь гэрээс нь Манхеттэний цагдаагийнхан баривчилжээ.
Энэ олдворыг Монгол Улсын хилээр хэрхэн гаргасан, ямар замаар тус улс руу нэвтрүүлсэн гэдгийг АНУ болон манай хууль сахиулагчид эрэн сурвалжилсны дүнд тодорхой сэжүүрүүд гаргасан юм. Түүнд хамаарах хэрэг зөвхөн “Тарбозавр батаар”-аар дуусахгүй, эртний олдвор наймаалдаг бүлэгийг ч илрүүлэх боломжтой талаар өгүүлсэн захидлыг АНУын талаас ССАЖ-ын сайд болон бусад албаны хүмүүст ирүүлсэн байна.
М.БАТЗАНДАН