Өвөрхангай аймагт өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр мотоциклтой явж байсан хоёр хүнийг дайрч, хэргийн газраас зугтсан тохиолдол гарчээ.
Орон нутгийн эх сурвалж “Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн үдэш мотоциклтой явж байсан хүмүүсийг суудлын автомашинтай хүн дайраад зугтсан. Ослын улмаас нэг хүн газар дээрээ нас барж, нөгөө нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Гэмтсэн хүний биеийн байдал харьцангуй сайжирч байгаа. Манай аймагт мотоциклтой хүмүүсийг дайрч амь нас, эрүүл мэндийг нь хохироосон осол нэг биш удаа гарч байна. Өнгөрсөн есдүгээр сард автомашин жолоодож явсан 70 настай өвгөн мотоциклтой хоёр хүнийг дайрч амь насыг нь хохироосон” гэлээ. Дээрх ослын талаар цагдаагийн байгууллагынхнаас тодруулахад “Ийм мэдээлэл манайд байхгүй” гэсэн юм.
Цагдаа, хуулийн байгууллагынхны холбогдсон хэргийг шалгадаг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны эх сурвалжаас лавлахад “Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын ажилтан, ахмад цолтой хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад бусдын амь насыг хохироосон гэх мэдээлэл манайд ирсэн. Үүний дагуу манайхаас мөрдөн байцаагч томилогдон тус аймагт ажиллахаар болсон” гэлээ.
Г.ОРЧЛОН