Бага насны хүүхдүүд ахуйн хэрэглээний хий үнэрлэж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол сүүлийн үед хэд хэдэн удаа гарсан. Үүний хажуугаар мансууруулах бодист донтогч өсвөр үеийнхний эгнээ улам бүр нэмэгдэж буй нь манай өнөөгийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Өнгөрөгч баасан гаригт насанд хүрээгүй дөрвөн хүүхэд НҮБ-ын мансууруулах бодисын жагсаалтын дөрөвдүгээрт бичигддэг олсны төрлийн ургамлыг хэрэглэж байгаад баригджээ.
Тэднийг УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд “Дөнгөж байцаалт нь эхэлж буй болохоор ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй, хэрэглэсэн бодисыг нь шинжилгээнд өгсөн” гэж албаны хүн өгүүлэв. Дөрвөн хүүхэд мансуурч байгаа талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад нэгнийх нь ар гэрийнхэн өгчээ. Цагдаагийнхан дээрх мэдээллийн дагуу Баянгол дүүргийн XII хорооны нутаг, 17 дугаар байранд очиход 14 настай А, 15 настай Т, 16 настай Т, М нар нийлэг ууттай нунтагласан өвс шиг зүйл татан, мансуураад сууж байсан гэнэ. Тэд уг бодисыг хэд хэдэн удаа хэрэглэсэн гэж цагдаагийнханд мэдүүлсэн аж.
Хэрэглэж байсан бодис нь багагүй хэмжээтэй байсан бөгөөд “Олсны төрлийн ургамал буюу каннабис” гэсэн шинжээчийн урьдчилсан дүгнэлт гарчээ. Дээрх дөрвөн хүүхдээс гадна каннабис түүж бэлтгэн борлуулдаг байж болзошгүй залууг цагдаагийн ажилтнууд саатуулан шалгаж эхэлсэн байна. Түүнээс эд мөрийн баримт болгож, нийлэг уутанд бага багаар савласан, маш нарийн нунтагласан бодис хураан авсан гэнэ.
Г.РАВЖАА