Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр хууль бусаар буга агнаж, эд эрхтнийг нь авсан хэрэг гарсан тухай бид мэдээлсэн. Нутгийн иргэд хууль хяналтын байгууллагад хууль бусаар буга агнасан хүмүүсийг илрүүлэн шалгуулахаар гомдол гаргасан ч харамсалтай нь аймгийн цагдаагийнхан нэг их ач холбогдол өгөлгүй, хав дарсан гэж орон нутгийн эх сурвалж мэдээлж буй юм.
Энэ хэргийн талаар Батширээт дэх байгаль орчны төрийн бус байгууллагын эх сурвалжаас лавлахад “Нэг буга авлаж, эд эрхтнийг нь авч явсан хэрэг гарсан. Гэтэл нөгөө буга маань сүүлдээ буга биш болж байх шиг. Бид буга хууль бусаар хэн авласныг тогтоож чадаагүй. Тухайн үед аймгийн прокурорынхон гэсэн хэсэг хүн тэр хавиар явсан гэж иргэдийн мэдээлэл байдаг. Хоёр автомашины мөр тэр хавиас олдсон. Хууль хяналтын байгууллагынхан саяхан хэргийг хаалаа. Аймгийн шүүхийн шинжилгээний албаныхан бугын яс, үлдсэн эд эрхтэнг нь шинжлээд салаа туурайтан биш, битүү туурайтны эд эрхтэн байна гэж дүгнэсэн” гэж мэдээллээ.
Г.РАВЖАА