Сүүлийн үед барилгын салбарт түгшүүр дагуулсан хэрэг ар араасаа гарч, хүний амь нас эрсэдсээр байна. Баянгол дүүргийн Хасбаатарын гудамж дахь, 40 дүгээр сургуулийн ард барьж буй долоон давхар барилгаас өчигдөр иргэн Б унаж, нас баржээ.
Долоон давхар бүхий хоёр талаараа залгаа дөрөв, зургаан давхар хоёр барилгын өмнө болон ард нь ерөнхий боловсролын 40, “Хүрээ” дээд сургууль байдаг бөгөөд “Бичил” хорооллын зам, сургуулийн хашаатай наалдуулах шахуу барьж буй нь хөдөлмөр хамгааллын аюулгүй орчныг баримтлаагүй байсан нь илт байлаа. Барилгынхантай уулзахаар дотогш ороход нэг настай хүн дээш, доош гүйж байгаа харагдав.
Түүнээс барилгын ажилчин мөн, эсэхийг асуухад “Манай хүү энэ барилгад ажилладаг юм. Хүн унасныг дуулаад хүү маань юм болов уу гээд иртэл азаар биш байна” гэв. “Хүрээ” дунд сургуулийн гуравдугаар ангийн хэсэг сурагч хичээлийнхээ завсарлагаанаар гадаа тоглож байгаад болсон явдлыг харжээ. Тэд “Барилгын гадна талыг будаж байсан хүний тавцангийнх нь олс тасарч, нэг эгч хашгирах чимээ сонсогдсон. Очоод хартал том нүхэнд уначихсан дээрээс нь банзнууд дарсан байсан” гэв.
ГССҮТ-ийн ажилтан “Манай хүлээн авахад 11.00 цагийн орчим барилгаас унасан хүн бараг амьсгал хураасан байдалтай ирсэн. Шүүх эмнэлгийнхэн цогцсыг авч явсан” гэлээ. Тус дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтан “Иргэн Лхагвасүрэнгийн долоон давхар орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгын гурван метрийн өндрөөс хана будаж байгаад 50 настай, эрэгтэй Б унаж, амиа алдсан байна. Хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байна. Тухайн барилга нь мэргэжлийн хяналтаас зөвшөөрөлтэй байсан” гэв. Барилгын компанийн эзэнтэй холбогдохоор хэд хэдэн удаа залгасан ч утсаа авсангүй.
Б.БЯМБАСҮРЭН