Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Зүүнхараа дахь хорих ангиас өнгөрсөн наймдугаар сард хоёр ялтан оргож, хууль хяналтын байгууллагынхныг нойргүй хонуулж байсан. Гэтэл Мааньт дахь хорих 415 дугаар ангиас дөрвөн ялтан уржигдар оргожээ. Тэд аравдугаар сарын 10-ны 14.00 цагийн орчим оргосон гэнэ. Оргодлууд 20-25 настай, 2-6 жилийн хорих ялтай аж. Тэд Мааньтад ял эдэлж байжээ. Тус хорих ангийн байрны багтаамж хүрэлцээ муутай учраас ялтны шинэ хорих байр барьж буй аж.
Дээрх дөрвөн ялтан тус барилга дээр ажиллаж байхдаа оргосон гэдгийг эх сурвалжууд хэллээ. Тэднийг оргосны дараа ШШГЕГ-ынхан Ажлын хэсэг байгуулж, Эрэн сурвалжлах албаны ажилтнууд шуурхай ажилласны дүнд гурвыг нь 10 цагийн дараа Улаанбаатар хотоос баривчилжээ. ШШГЕГ-ын албаны эх сурвалж “Эдгээр ялтныг баривчлахдаа олон нийтэд аюулгүйгээр, дахин гэмт хэрэг үйлдэх боломж, нөхцөл олголгүйгээр саатуулсан. Үлдсэн ялтныг шаргуу эрэн сурвалжилсны дүнд өчигдөр 16.00 цагт мөн Улаанбаатараас баривчиллаа” гэлээ.
Тэднийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон мөрдөн байцаалт явуулж буй. Тэд оргох замдаа гэмт хэрэг үйлдсэн, эсэхийг шалгалтын явцад тогтоох юм.
Г.РАВЖАА