“Ахуйн хэрэглээний хий үнэрлэснээс амиа алджээ...”, “Ахуйн хэрэглээний хий үнэрлэж буй хэсэг хүүхдийг баривчиллаа...”, “Ахуйн хэрэглээний хий үнэрлэж байгаад...”, “Ахуйн хэрэглээний хий...” гэх түгшүүрт мэдээнүүд сүүлийн үед өдөр алгасахгүй сонсогдох боллоо. Өнгөрсөн сард л гэхэд цэцэг цэврүү шиг гурван хүүхэд ахуйн хэрэглээний хий үнэрлэснээс амиа алдав. Дархан-Уул аймагт дунд сургуулийн сурагч ангидаа хий цацсанаас арваад хүүхдийн амьсгал нь боогдож, эмнэлэгт хүргэгдсэн.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн наймдугаар ангийн долоон сурагч хий үнэрлэж байгаад үйлдэл дээрээ цагдаад баригдсан. Гэтэл хэдхэн хоногийн өмнө 14-20 насны зургаан хүүхдийн үнэрлэж байсан хий дэлбэрч, хоёр нь сэхээнд орж, бусад нь их, бага хэмжээгээр түлэгдлээ. Энэ мэтчилэн тоочоод байвал барагдашгүй нь.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хар тамхи, мансууруулах бодисын аюул, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга зам” сэдэвт нээлттэй уулзалтын үеэр тавьсан илтгэлдээ “Өнөөдөр хар тамхийг хэрэглэж буй хүмүүсийн тоо 16000-д хүрсэн байна. Олон улсын дүгнэлтээр нэг хэрэглэгчийн ард дөрвөн хэрэглэгч байдаг. Ингээд үржүүлэхээр 64000 гэсэн тоо гарч байна.
Энэ бол нэг аймгийн хүн амтай тэнцэхүйц тоо. Ийм тоо сонсоод бид цочирдохгүй, түгшүүр төрөхгүй байхын аргагүй” хэмээжээ. “Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг”-ийн тэргүүн Ш.Лхагвасүрэнгийн ярьснаар тус байгууллагад хар тамхи, мансууруулах бодис байнга хэрэглэдэг 561 хүн бүртгэлтэй байдаг аж. Тэдгээрийн 80 гаруй хувь нь өсвөр үеийнхэн болон залуучууд байдаг юм байна. Тэгвэл саяхан ЦЕГ-ын мэдээлэл судалгааны төв, ДХИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран мансууруулах бодис хэрэглэдэг өсвөр үеийнхний дунд судалгаа хийжээ.
Эл судалгаагаар мансууруулах бодис хэрэглэдэг хүүхдүүдийн 25.4 хувь нь цавуу, 18 хувь нь хорт хий, 17 хувь нь тайвшруулагч эм, 15.7 нь хар тамхины төрлийн бодис, 10.9 хувь нь бусад төрлийн бодис (барааны саван, бензин, будаг, угаалгын нунтаг, гутлын тос, өвс, ургамал, үнэртэй ус гэх мэт) хэрэглэдэг нь тогтоогджээ. Өнөөдөр өсвөр насныхны дунд аюулын харанга дэлдээд буй хар тамхи, мансууралтай төр, засаг хэрхэн тэмцэж байна вэ. Хар тамхи, мансууруулах бодисны хэрэглээ, хор уршиг үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрээд буйг төрийн болон төрийн бус байгууллагуудын судалгаа харуулж байна. Гэтэл өнөөдөр манайд хар тамхи, мансууралтай тэмцэх биеэ даасан хууль алга. 2002 онд баталсан.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль гэж бий. Мөн Эрүүгийн, Хөдөлмөрийн зэрэг зарим хуульд энэ талаарх заал тууд байдаг. Харамсалтай нь эдгээрт учир дутаг далтай зүйл олон. Маш их цоорхойтой хууль болохыг мэргэжилтнүүд ярьж байгаа. Эл хуульд ядаж л ахуйн хэрэглээний мансууруулах бодис хэрэг лэсэн хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх талаар тодорхой заалт байдаггүй. Ер нь ахуйн хэрэглээний хий, цавуу, гутлын тос зэрэг мансууруулах бодис хэрэглэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалт манайд байхгүй гэж болно. Жишээ дурдахад, өнгөрсөн сард Сонгинохайрхан дүүрэгт хий үнэрлэж байгаад баригдсан хүүхдүүдийг дүүргийн Цагдаагийн хэлтсээс сануулга өгөөд явуулжээ. Тэдэн дунд өмнө нь хий үнэртэж байгаад баригдсан хүүхэд байсан аж. “Бид хий үнэртэж байгаад баригдсан хүүхдэд дахиад үнэрлэж болохгүйг сайтар сануулаад эцэг, эхэд нь хүлээлгэж өгсөн.
Хий үнэрлэснээр эрүүл мэндэд нь ноцтой хор хохирол учрах аюултайг хүүхдэд ойлгуулахыг хичээдэг. Эдгээр хүүхдийн сургуулийнх нь нийгмийн ажилтан болон анги удирдсан багштай хамтран ажиллаж, байнгын хяналтандаа байлгадаг” хэмээн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтан, ахмад М.Эрдэнэбилэг ярив. Нэгэнт хэрэглээд, мансуурах дон тусчихсан хүнд хор уршгийг нь яриад, дахиад хэрэглэж болохгүйг сануулаад явуулах нь хэр үр дүнтэй вэ. “Манай байгууллага хар тамхи, мансууруулалтай тэмцээд 13 жил болж байна. Энэ хугацаанд манайд хар тамхи, мансуурах донгоосоо салах гэж 108 хүн ирсэн. Тэд эмчилгээ хийлгэмээр байна, хаана хандах вэ гэдэг.
Харамсалтай нь манайд эмчилгээ хийх газар байдаггүй. Энэ 13 жилийн хугацаанд мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүсээс нэг нь ч гарч чадаагүй. СЭМҮТ хордлого тайлах эмчилгээ хийдэг ч биед нь шингэсэн хар тамхийг бүрэн гүйцэд цэвэршүүлж чаддаггүй” хэмээн “Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг”-ийн тэргүүн Ш.Лхаг васүрэн ярилаа. Тэд гарахыг хүсдэг ч бие организм нь тэр зүйлийг нэхээд байдаг аж. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс нь өмнө хор уршгийг нь ойлгуулж, урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв алхам болохыг тэр онцоллоо. “Энэ хортой ундаа шүү. Уувал чи мэдрэл муутай болж, солио өвчин тусаж, дараа нь үхнэ” гээд хор уршгийг нь сайтар хэлчихвэл тэр ундааг уух хүн олдох болов уу. Үгүй байх. Тэгвэл амтанд нь орчихсон хүнд “Наадах чинь хортой ундаа. Уувал чи үхнэ” гээд хэлбэл тэр шууд гарах болов уу. Харамсалтай нь хар тамхи, мансууруулах бодис гэдэг “Би үхэх юм байна, больё” гээд шийдсэн ч тусгай эмчилгээ хийлгэхгүй бол хүслээр нь болдоггүй аймшигтай зүйл. Гэтэл манайд гадаадын орнууд шиг метадан орлуулах эмчилгээ байдаггүй.
Мансууруулах бодист донтчихсон хүнд “Битгий хэрэглэ” гээд сануулаад явуулна гэдэг тухайн хүнийг амиа хорлохыг нь хараад сууж буйгаас өөрцгүй хэрэг. Гэтэл манайд байдал ийм л байна. Хар тамхи, мансуурал аюулын харанга дэлдээд, цэцэг шиг жаахан хүүхдүүдийг маань нэг нэгээр нь авч яваад байхад л өнөөдөр манайд хууль нь ч, эмчилгээ нь ч алга. Хамгийн аймшигтай нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүс, хүүхдүүд түүнийгээ бусдадаа халдаадаг. Мансуурлын эсрэг үндэсний төвийн 2010 онд хийсэн судалгаагаар 2000 хүүхдийн 436-д нь мансууруулах бодис хэрэглэж үзэх талаар хэн нэгэн санал болгосон нь тогтоогджээ. Мансууруулах бодис хэрэглэж үзсэн хүмүүсээс 20 хувь нь дахиж хэрэглэхээс татгалздаг бол 80 хувь нь түүнд татагддаг байна.
Манай улс хар тамхи, мансууралтай огт тэмцдэггүй гэвэл алдаа болно. Манайх тэмцдэг. Гэхдээ илрүүлж, ямар нэгэн хэрэг үйлдэхээс нь өмнө таслан зогсоож чаддаг. Түүнээс биш хар тамхи, мансуурлаас урьдчилан сэргийлэх, тухайн хүнийг эмчилж, эрүүл саруул болгох тал дээр чамлалттай ажилладаг. Ядаж л манай ерөнхий боловсролын дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт энэ талаар ямар ч сургалт багтдаггүй. Хар тамхи, мансуурлаас иргэдээ хамгаалах ТББ-ууд нь сургалт явуулъя гэхэд санхүүжилт байдаггүй. Тэдэнд уг нь бүх гарын авлага, сургалтын материал нь бий юм билээ. Гэвч хэвлүүлэх хөрөнгө нь байхгүй. Харин манай яам, Тамгын газруудад санхүү хөрөнгө нь байвч сэтгэл нь дутаад байгаа юм уу даа. Тиймээс өөрсдөө сургалт явуулж, хар тамхи, мансууралтай тэмцэж чадахгүй бол ТББ-ууддаа санхүүжилт өгөөд хийлгэвэл яасан юм бэ. Манайд одоо хар тамхи, мансууралтай тэмцэх төрийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна.
Д.ДАЙРИЙЖАВ