Их хэмжээний судар ном, шашны эд зүйлсийг “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар дамжуулан гадагш нь гаргах гэж байсныг гаалийнхан өчигдөр илрүүлжээ. Уг ачааг МИАТ компанийн ачаа тээшийн диспетчерээр ажилладаг Хишигсүрэн гэдэг хүн БээжинУлаанбаатар чиглэлийн онгоцонд ачуулах гэж байсан гэнэ. Түүний илгээх гэж байсан ачаанд 100 гаруй судар, ном, хонх, очир гээд шашны холбоотой эд зүйл байсан нь шалгалтаар тогтоогдсон байна.
Уг хэргийг Иргэний нисэхийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт шалгаж буй аж. Шалгалтын явцад Хишигсүрэнгийн явуулах гэж байсан судар номын ихэнх нь хуулбарлаж, барласан байжээ. Мөн хэд хэдэн судар эхээрээ байсан гэнэ. Иргэний нисэхийн цагдаагийн хэлтсийнхнээс уг хэргийн шалгалт ямар шатанд байгаа талаар лавлахад “Мөрдөн байцаалт үргэлжилж, хохирлын үнэлгээ хийж байна. Гэвч энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч тогтоогдохгүй байгаа” гэлээ.
Ном судар, шашны эд зүйл их хэмжээгээр гаргах гэж байсан хэрэгт холбогдоод байгаа МИАТ компанийн ажилтан Хишигсүрэн “Бид энэ ном судар, хонх, очир зэргийг Энэтхэгт байгуулсан буддын шашны монгол хийдэд хандивлах гэж байсан юм” хэмээн мэдүүлсэн гэнэ.
Г.ЦОЛМОН