Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудлын ариун цэврийн өрөөнд өчигдөр өглөө 09.20 цагт нэгэн залууг 2-3 удаа хутгалсан хэрэг гарлаа. Ханбогд-Улаанбаатар чиглэлийн онгоц өчигдөр 08.40 цагийн үед Буянт-Ухаад газардаж, зорчигчид ачаа тээшээ авахаар хүлээж байх үед энэ хэрэг гарсан гэнэ.
Энэ талаар Буянт-Ухаа дахь Цагдаагийн хэлтсийн албаны эх сурвалжаас лавлахад “Оюутолгойн ажилчид онгоцноос буугаад ирэхэд нь Д.Энхжин гэдэг хүнийг нэг залуу дуудаж ариун цэврийн өрөө рүү дагуулан орсон юм билээ. Тэндээ маргалдан уг залуу Д.Энхжинг цээж, хэвлий нуруунд нь хутгалсан байна. Улмаар өөрийнхөө цээжинд хутгалсан. Тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлж, одоо ГССҮТ-д эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа.
Уг хэргийг Д.Эрдэнэбат гэж залуу өс хонзонгийн улмаас үйлдээд амиа хорлохыг завдсан нь шалгалтын явцад тогтоогдож байна. Д.Эрдэнэбат өмнө нь Оюутолгойд ажиллаж байгаад халагдсан юм билээ. Тэрбээр ажлаас халагдсандаа өширхөж хохирогч Энхжинг хутгалсан нь тогтоогдсон. Сэжигтэн этгээд “Чи намайг ажлаас халагдахад нөлөөлсөн” гэж хохирогчид хандаж хэлсэн байгаа юм. Тэд Оюутолгойн сапёрын албанд алба хашиж байсан хүн” гэлээ.