“Алтан дорнод Монгол” компани болон түүний охин компани болох “Востокнефтьгаз”, “Бумбат” ХХК-д ажиллаж байсан оросууд ажлаас үндэслэлгүй халагдсан, ажиллаж байх гурван жилийн хугацаандаа нэг ч удаа ээлжийн амралт авч байгаагүй, цалингаа гүйцэд аваагүй, хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн хэмээн Баянгол дүүргийн шүүхэд гомдол гаргажээ. ОХУ-ын иргэн А.Д.Павлов, С.Г.Биличенко, , А.А.Алексеев, В.Н.Иванов, Н.В.Биличенко, Н.М.Иванова, Н.А.Семейко, Д.Полишко нар 3-47 сая төгрөгийг дээрх компаниудаас нэхэмжилсэн бөгөөд Н.А.Семейко нь “Алтан дорнод Монгол”-ын орлогч захирлаар ажиллаж байсан Б.А.Игошины аваагүй цалин болох 70 сая төгрөгийг давхар нэхэмжилсэн байна.
Харин “Алтан дорнод Монгол”-ынхон цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээг хугацаанд нь олгоогүй саатуулсан нь компанийн үйл ажиллагаанаас болоогүй. Тус компанийн өмнөх удирдлагад үүсгэсэн эрүүгийн хэргийн улмаас компанийн эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлаж, эд хөрөнгийг битүүмжилснээр “Алтан дорнод Монгол” ХХК-ийн үйл ажиллагаа 2009 оноос эхлэн зогсонги байдалд орсон. Хуулийн байгууллагын шийдвэрээр компанийн эд хөрөнгө, данс битүүмжлэгдэн, үйл ажиллагаа нь зогссон байхад ажилласан гэж үзэн цалин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзсэн юм.
Баянгол дүүргийн шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан нэхэмжлэгч А.Д.Павловыг “Востокнефтьгаз” ХХК-ийн нефть баазын даргын ажилд эгүүлэн тогтоож, дутуу олгосон цалин 47 сая төгрөгийг тус компаниас гаргуулж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх, С.Г.Биличенкод гурван сая, Н.В.Биличенкод 16 сая, Д.Полишкод 75 сая төгрөгийн дутуу олгосон цалинг “Алтан дорнод Монгол” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн аж.
Г.ЦОЛМОН