Авлигатай тэмцэх газраас зохион байгуулдаг “Авлигын эсрэг хамтдаа” уулзалт өчигдөр “Элит” төвд боллоо. Энэ үеэр АТГ-ын хэлтэс, албадууд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулсан юм. Арга хэмжээний үеэр АТГын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг, бусад мэдүүлэг, мэдэгдлийг хэрхэн бөглөх талаар заавар зөвлөгөө өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулж, өргөдөл, гомдол, санал хүлээн авлаа. Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбат тус газарт шалгуулж буй авлига, албан тушаалын хэргүүдийн талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр “УБЕГ-ын даргаар ажиллаж байсан Л.Амарсанаад холбогдох хэргийг Тагнуулын байгууллагатай хамтран шалгаж байгаа. Албан тушаал, эрх мэдэл, улсын нууцтай холбоотой хэд хэдэн үндэслэлээр шалгаж байна. Мөн Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэгт холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулж байгаа. Түүнийг мөнгө хувьдаа завшиж, шамшигдуулсан хэрэгт холбогдуулсан. Түүнээс гадна саяхан ШӨХТГ-аас тус газрын хуучин дарга Б.Лхагва нарын хэд хэдэн хүнтэй холбоотой материалыг манайд шалгуулахаар ирүүлсэн. Бид гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзээд шалгаж байна. 14 хоногийн хугацаанд шалгаж эрүүгийн хэрэг үүсгэх эсэхээ шийдвэрлэнэ. УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Н.Болормаа, НИТХ-ын дарга асан Т.Билэгт нарт холбогдох хэргийг түдгэлзүүлээд байгаа. Татварын ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаярыг УМБГ, АТГ-ын хамтарсан Ажлын хэсэг хээл хахууль авсан, татвараас зайлсхийсэн гэсэн үндэслэлээр шалгаж байна” гэж мэдээллээ. АТГ-т хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ 46 мянган албан тушаалтан мэдүүлэг гаргаж өгөхөөс 99,79 хувь нь гаргажээ. Мэдүүлгээ өгөөгүй, гаргахаас татгалзсан 96 албан тушаалтны 80 нь аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, зургаа нь төрийн захиргааны албан тушаалтан, зургаа нь төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, нэг нь Ерөнхий сайдын томилдог албан тушаалтан байжээ.