Өнгөрсөн ням гаригт Баянгол дүүргийн IX хороо буюу III, IV хорооллын эцэст байрлах “Хангай” зочид буудалд 14-20 насны зургаан хүүхдийн үнэрлэж байсан ахуйн хэрэглээний хий дэлбэрсэн тухай бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Өнгөрсөн оны өдийд тус буудлын орон дороос амьсгал хураагаад гурав хоносон 2-3 сартай нярай хүүхдийн цогцос олдсон аймшигт хэрэг гарч байсан. Зочид буудлаар хүмүүс үйлчлүүлэхдээ жижүүрт нь биеийн байцаалтаа үзүүлж, шалгуулах ёстой байдаг. Гэтэл энэ мэт буудлууд ашиг хонжоо хайн, үйлчлүүлэгчдээ шалгахгүй оруулдгаас болж гэмт хэрэг гарах нөхцөл бүрдэж байна. Бид ямар учраас хий дэлбэрснийг тодруулахаар тус зочид буудлыг зорьсон юм. Биднийг очиход буудлын шилэн хаалганд “Их засвартай байгаа тул ажиллахгүй” гэсэн бичиг хадсан байв. Харин дотор нь буудлын ажилчид байх аж. Тэднээс юу болсон талаар тодруулах гэсэн боловч үүдээ нээсэнгүй. Хажуу талынх нь эмийн сангийн худалдагчаас болсон явдлын талаар сонссон эсэхийг лавлахад “Сайн мэдэхгүй байна” гэв. Удалгүй тус буудлын нэгэн залуу хаалгаа онгойлгож, таньдаг хүнээ оруулах үеэр нь бид мэдээлэл өгөхийг хүссэн юм. Гэтэл “Тэр цагдаагаасаа асуу” гээд түлхэн унагаж, хаалгаа модоор хөшин хаав. Зочид буудлынхнаас болсон үйл явдлын талаар тодруулах боломжгүйг ойлгосон бид ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдтэй уулзахаар очиход “Хэвлэлийнхэнтэй уулзахгүй” гэв. Тус эмнэлгийн Түлэнхийн тасгийн эрхлэгч Б.БатОргил “Хийнд түлэгдсэн хүүхдүүд 15-35 хувийн түлэгдэлттэй бөгөөд нүүрэндээ нэлээд шархтай байна. Сэхээнд байгаа хоёр залуугийн бие гайгүй байгаа” гэв. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн олон нийттэй харилцах албаны байцаагч, цагдаагийн ахмад Х.Чинтөгсөөс болсон хэргийн талаар тодрууллаа.
-“Хангай” зочид буудалд түлэгдэж гэмтсэн хүүхдүүд байна гэх дуудлага ням гаригийн шөнө 02.40 цагт манайд ирсний дагуу бид шалгаж байна. “Их Алтай трэйд” компанийн “Хангай” зочид буудлын нэг ортой 202 тоот өрөөнд 14-20 насны зургаан хүүхэд орсон байсан. Тэдний зарим нь хий үнэрлэж байхад нь нөгөөх нь асаагуур асаасны улмаас дэлбэрч, хүүхдүүд түлэгдсэн байсан. Буудлын өрөөний хаалга цөмөрч, цууралт үүссэн байна лээ. Тэд 20-35 хувийн түлэгдэлттэй, ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа.
-Хаанаас хий худалдаж авсан юм бол. Хэдэн ширхэг хий байсан бэ?
-Хэргийн газраас 5-6 ширхэг хий олсон. Хэрэглэсэн эсэхийг нь шалгаж байна. Баянгол дүүргийн XXII хорооны нутагт байрладаг “Таац алт” компанийн “Таац” гэх хүнсний дэлгүүрээс хүүхдүүд архи худалдаж авах гэхэд нь зараагүй боловч ахуйн хэрэглээний хийг худалдсан байгаа юм. Тэд хийгээ аваад буудалд орохдоо буудлын ажилтанд “Цаг орой болсон, гэр хол байдаг тул харьж чадахгүй байна, аав ээждээ загнуулна” гэж учирласан гэсэн. Тус буудлынхан ашиг, орлогоо бодож, нэг ортой 22000 төгрөгийн өрөөнд зургаан хүүхдийг 25000 төгрөгөөр оруулсан нь ноцтой зөрчил үүсгэлээ.
-Тэд нэг ангийн хүүхдүүд үү, Ямар холбоотой вэ. Сүүлийн үед хүүхдүүд хий үнэрлэж мансуурах явдал ихсэж байна. Энэ юутай холбоотой бол?
-Тэдний нэгээс бусад нь тодорхой эрхэлсэн ажилгүй, хөдөө орон нутгийн харьяалалтай хүүхдүүд. 14 настай нэг эмэгтэй, таван эрэгтэй байна. Хүүхдүүд яагаад хий үнэрлэж байгааг судлахад хоёр янзаар энэ буруу зуршилд татагддаг нь анзаарагдсан. Найз нөхөд, танилынхаа хүрээнээс мэдээлэл авдаг нэг хэсэг байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээ үзээд сонирхож туршдаг нэг хэсэг байна.
-Тэгвэл ямар арга хэмжээ авч байж энэ байдлыг зогсоох вэ?
-Сүүлийн үед ахуйн хэрэглээний хийг насанд хүрээгүй хүүхэд үнэрлэсэн хэрэг хөдөө, орон нутагт хүртэл тархаад байна. Иймд журам дүрэм, эрх зүйн зохицуулалт зайлшг үй шаардлагатай. Учир нь хийтэй холбогдолтой хууль дүрэм, хүлээх хариуцлагын талаар юу ч байдаггүй. Тиймээс хууль тогтоох байгууллагууд аюулын харанга дэлдээд байгаа энэ асуудалд нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай байна. Нийслэлд зочид буудлын тоо олон болсон энэ үед Мэргэжлийн хяналт болон дүүргүүдийн Үйлдвэр үйлчилгээний хэлтсийнхэн зөвхөн зөвшөөрөл олгоод зогсохгүй хяналт, шалгалт байнга, тогтмол хийж байх шаардлагатай байна. Ингэдэггүйгээс архидалт, мансуурал, танхайн зэрэг хэрэг зөрчил зочид буудалд тасралтг үй гарсаар байна. Нөгөө талаас эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн хүүхдэд тавих хараа хяналт, анхаарал халамж сул байна. 14-хөн настай охин таван эрэгтэй хүүхдийн хамт буудалд орж хий үнэрлэсэн хэрэг энэ байдлыг нотолж байгаа юм. Ахуйн хэрэглээний хий худалдсан “Таац” хүнсний дэлгүүр, насанд хүрээгүй хүүхдүүдэд үйлчилсэн “Хангай” зочид буудлын үйл ажиллагааг түр зогсоожээ.