Дорнод аймгийн Гурванзагал, Баяндун, Дашбалбар, Сэргэлэн сумын нутаг, Мардай орчмын орд газруудад япончууд ирж, цөмийн болон байгалийн цацрагийн фон түвшний хэмжээ байх ёстойгоосоо маш их байна хэмээн зарим хэвлэлд нийтэлсэн байсан. Энэ мэдээллийн дагуу Цөмийн энергийн газар болон тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан дээрх сумдад хяналт шалгалт хийгээд иржээ. Энэ талаар ЦЭГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч С.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.
-Та саяхан Мардайд шалгалт хийгээд иржээ. Шалгалтын зорилго юу байв?
-ЦЭГ-ын Улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу Дорнод аймгийн Гурванзагал, Баяндун, Дашбалбар, Сэргэлэн сумын нутаг, Мардай орчмын орд газруудад цөмийн болон цацрагийн хяналт шалгалт хийж, байгалийн цацрагийн фон түвшнийг Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, сум орон нутгийн удирдлага, байгаль орчны хяналтын улсын байцаагч, иргэдийн төлөөллийг байлцуулан хэмжилт хийлээ. Шалгалтад надаас гадна ЦЭГ-ын Цөмийн материалын хэлтсийн мэргэжилтэн Ү.Ганбаатар, Цацрагийн хяналт шинжилгээний лабораторийн мэргэжилтэн Д.Мөнхдалай нарын хүмүүс багтсан. Энэ үеэр өнгөрсөн хугацаанд хийгдэж байсан хяналт шалгалтын үр дүн, авсан арга хэмжээ, Цөмийн энергийн тухай хуулийн хэрэгжилт, мөрдөж буй стандарт, ионжуулагч цацрагийн талаар мэдээлэл хийсэн. Мөн Гурванзагал, Баяндун, Дашбалбар, Сэргэлэн сумынханд цацрагийн талаарх үндсэн ойлголт, цөмийн технологийн хэрэглээ, ашиг тус, үр өгөөжийн талаар танилцуулсан. Мөн тухайн суманд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуйн нэгж байгууллагуудын тусгай зөвшөөрлийн талаар мэдээллийг өгсөн байгаа.
-Хуучин ЗХУ-ын үед ашиглаж байсан ураны орд газарт цацра гийн түвшин байх ёстой хэмжээнээс 2-3 дахин их байна хэмээн япончууд ирээд хийсэн судалгааны дүнгээ зарим хэвлэлд мэдээлсэн байсан шүү дээ. Үнэхээр тийм өндөр байгаа юм уу?
-Хяналтаар цацрагийн тунгийн чадлын хэмжилтийг 179 цэгт, агаар болон усан дахь радоны хуримтлал тодорхойлох хэмжилтийг 13 цэгт хийж гүйцэтгэсэн. “Өдрийн сонин”, “Үндэсний шуудан” сонинд гарсан нийтлэлд “Анти Нуклеар” бүлгийн гишүүд болон Токиогийн их сургуулийн багш Риоко Ишока нар Мардайн уурхайн орчимд цацрагийн хэмжилт, судалгаа хийсэн талаар дурдсан байсан. Тэнд Дорнод аймгийн Баяндун сум, Мардайн уурхайн ил задгай овоолго, Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газрын өрөө, хуучин төмөр зам зэрэг газарт хэмжилт хийхэд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байгаа талаар дурдсан байсан. Бидний хийсэн хэмжилтийн дүнгээс үзэхэд Мардайн ил уурхайн ядуу агуулгатай хүдрийн овоолгоноос бусад цэгт байгалийн цацрагийн түвшин фон хэмжээнээс хэтэрсэн тохиолдол илрээгүй. Малчид, иргэдэд айх аюул байхгүй.
-Та нар хэвлэлд дурдсан цэг бүрт очиж хэмжилт хийсэн үү. Та бүхний ашигласан багаж, япончуудын ашигласан багажаас хоцрогдсон байсан юм биш үү?
-Бид сонинд нийтлэгдсэн мэдээллийн дагуу тэдний хэмжилт хийсэн цэгүүдийг орон нутгийн иргэдийн өгсөн мэдээлэлд үндэслэн тухайн газар бүрт нь хэмжилт хийсэн. Мардай тосгон, хуучин ЗХУ-ын тал ил болон далд аргаар ашиглаж байсан уурхайн орчимд, хүдрийн овоолгонд тулгаж болон түүнээс 2-10 метр зайнд, далд уурхайн ам болон хиймэл нуур, ойр орчмын айлууд, гүний худгийн ойролцоо, хуучин төмөр зам, Гурванзагал суманд Сүмийн нуур, Мардай тосгоноос зөөвөрлөсөн суурин блокоор барьсан айлын байшин, цагдаагийн кабон, сургууль, гүний худаг, уурын зуух зэрэг газруудад 20 цэгт, Дашбалбар суманд ЗДТГ, Мардай тосгоноос аваачсан барилгын материалаар барьсан байшин, тавилга, эд зүйлс, гүний худаг, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, музей зэрэг газруудад 51 цэгт, Баяндун суманд ЗДТГ, Мардай тосгоноос авчирсан барилгын материалаар барьсан цэцэрлэг, эмнэлэг, сургууль, Соёлын төв, гүний худаг зэрэг 33 цэгт, Сэргэлэн суманд ЗДТГ-ын байр, цэцэрлэг, эмнэлэг, цагдаагийн байр, Мардайгаас зөөж аваачсан барилгын материалаар барьсан болон бусад байшин, айл өрх гэх мэт 25 цэгт тодорхойлсон.
Түүнчлэн хөрсний 10 дээж, усны 13 дээж, Мардай тосгонд ачихаар бэлтгэсэн байсан тоосго, суурийн блокоос дээж авч Цацрагийн хяналтын шинжилгээний лабораторид шинжилгээнд өгөөд байна. Бид дэлхийд ашиглаж буй хамгийн сүүлийн үеийн багаж ашигласан. Тухайлбал, 2010 онд Беларусь улсад үйлдвэрлэсэн цацрагийн тунгийн чадал хэмждэг “АТОМТЕХ-АТ6102” маркийн багаж, 2009 онд АНУ-д үйлдвэрлэсэн “РАД-7” загварын радоны хуримтлал тодорхойлдог багаж ашигласан. Эдгээр багаж маань өнгөрсөн хавар баталгаажилтад орсон. Харин тэр япончууд ямар хүмүүс ямар багажтай очиж, хэмжилт хийсэн талаар тодорхой мэдээлэл олдоогүй. Өнгөрсөн наймдугаар сард л хүмүүс очсон гэх мэдээллийг бидэнд нутгийн иргэд өгч байсан. Тэдний ашигласан гэх багаж баталгаажилтад хамрагдсан эсэх нь тодорхойгүй.
-Япончуудын хийсэн хэмжилт, та бүхний хийсэн хэмжилт хэр зөрүүтэй байсан бол?
-Баяндун сумын төвд 0.17-0.25 гэж сонинд мэдээлсэн байсан. Тус сумын ЗДТГ-т 0.09-0.11 байсан. Баяндун суманд гэхэд хамгийн өндөр нь Э гэж айлынд 0.18 байсан. Мардайгаас аваачсан барилгын материалаар барьсан цэцэрлэгт гэхэд 0.10-0.13 байсан. Дашбалбар сумын Засаг дарга Ж.Ёндонжамц “Миний өрөөнд цацрагийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их байна гэж сонинд гарсан байсан. Би өрөөндөө орж чадахгүй боллоо. Яах вэ” гэж байсан. Түүний дагуу өрөөнд нь хэмжилт хийхэд 0.10-0.13 байсан. Зөвшөөрөгдөх хэмжээнд байна гэсэн үг л дээ.
-Байгальд байх ёстой цацрагийн тунгийн хэмжээ нь ямар байх ёстой юм бэ?
-Зөвшөөрөгдөх хэмжээ нь 0.2 микрозеврт/цаг байх ёстой л доо. Бид хамгийн анхны хэмжилтээ Мардай тосгонд хийсэн. Хэмжилтийн дүнд тэнд 0.04-0.17 мкзеврт байсан. Оросууд ашиглаж байхдаа ядуу агуулгатай ураны хүдрийн дээжийг авч явалгүй, уурхайн орчимд үлдээгээд явсан байдаг. Тэр овоолгын орчимд тулгаж болон түүнээс 2-10 мийн зайд хэмжилт хийсэн. Тулгаж хийсэн хэмжилтийн дүн 0.5-4 дахин их байсан. 2, 10 метр зайд уг хэмжээ нь багассан үзүүлэлттэй гарсан. Далд уурхайн гол ам, дээж хадгалах төв байр зэрэгт хэмжилт хийсэн. Түүнээс гадна хиймэл нуурт бас хэмжилт хийсэн. Тэнд хоёр газарт зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдол байгаа. Нэг газар 0.27-0.28, өөр нэг хэсэгт 0.58-0.60 мкзеврт/цаг байсан. Мардай орчмын айлуудад очиж хэмжилт хийхэд 0.07-0.09 байсан нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдол байгаагүй.
-Мардайн овоолго, хиймэл нуурын орчимд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн гээд байгаа шүү дээ. Тэндээс хамгийн ойр байгаа айл ямар зайд байна вэ?
- Мардайд хамгийн ойр айл нь л 5-10 км-т байгаа. Энд бол айх аюулгүй.
-Мардай орчимд өмнө нь ийм цацрагийн хяналт хийж байсан юм уу?
-ЗХУ задарч, уурхайн үйл ажиллагаа хаагдсан. Ингээд 1999 онд тэнд үйл ажиллагаа явуулж байсан “Эрдэс” гэж компанид хүлээлгэн өгөхөөр болсон юм. Тэр үед цацрагийн хяналт анх хийж байсан. Түүнээс хойш Мэргэжлийн хяналтын газар 2003 онд, МХЕГ, ЦЭГ хамтран 2009 онд дахин шалгалт хийсэн. Тухайн үед Мардайн хүдрийн овоолго дээр цацрагийн хэмжээ бас өндөр байсан учраас холбогдох байгууллагад нь үүрэг даалгавар өгч, хамгаалалтын торон хашаа, тэмдэг тэмдэглэгээ хийлгэсэн юм. Гэтэл төмрийн хаягдал цуглуулдаг хүмүүс хашааны төмөр тор, төмөр замын рейльс, барилгын арматур зэргийг нь авч борлуулснаас хашаа нь үгүй болсон.
-Мардайн орчмын газар одоо хэний мэдэлд байдаг юм бэ. Тусгай зөвшөөрлийг нь хэн эзэмшиж байгаа бол?
-1972 онд энэ ордыг анх нээсэн. ЗХУ-ын Ашигт малтмалын нөөцийн комиссын хурлаар Дорнод аймгийн нутагт орших Дорнод, Мардайн гол, Гурванбулаг гэсэн гурван ордын нөөцийг 1980 онд баталгаажуулсан. 1988 онд нөөцийг нь нэмэгдүүлэн баталгаажуулсан байдаг. Гурванбулагт 10270, Дорнод ордод 6509 гэх мэтээр баталгаажуулсан юм билээ. Дорнод ордыг ил аргаар ашиглаж, цаашлаад далд аргаар ашиглах гэж малталт хийгээд орхисон байгаа. Тэр аманд нь амьтан үүрлэх, мал унах гэх мэт явдал гарч байсан учраас Мэргэжлийн хяналтын байгууллагын шийдвэрээр хашаа хийхтэй хамт амыг нь хааж, битүүмжилсэн. 1995 энэ уурхай үйл ажиллагаагаа зогсоож, 1997 онд Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын А-96 тушаалаар Дорнод ордыг “Монгол эрдэнэ” гэж компанид ашиглах зөвшөөрөл олгосон байгаа юм. Ингээд “Төв Азийн уран” гэж компани руу шилжиж, 2009 онд АМГ-аас тусгай зөвшөөрлийг нь цуцалж, шинэчилсэн бүртгэл хийхэд зөрчлүүдээ арилгаагүй учраас лицензийг нь түдгэлзүүлсэн байгаа. Бидний шалгасан газар бол одоохондоо төрийн өмчийнх. Харин Мардайн гол ордыг “Адамс майнинг” компани, Гурванбулаг ордыг өөр нэгэн компани эзэмшиж байгаа.
Г.ЦОЛМОН