“Анод” банкны гэх тодотголтой хэргийг сүүлийн таван жилийн туршид шалгаж, өнөөг болтол шийдвэрлэж чадаагүй байгаа. УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс 2008 оны арванхоёрдугаар сарын 10-нд тус банкны ТУЗ-ийн дарга асан Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал асан Д.Энхтөр, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа, Тамгын газрын дарга Л.Уламбаяр нарыг Ганцхудагт саатуулж, Эрүүгийн хуулийн 150, 156 дугаар зүйл ангиар буруутган эрүүгийн хэрэгт татсан билээ.
Сүүлийн дөрвөн жил гаруйн турш шалгасан уг хэрэгт тус банкны болон бусад байгууллагын 14 хүн холбогдон яллагдагчаар татагдсан бөгөөд Нийслэлийн прокурорын газраас тэдэнд бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, банкны хууль тогтоомж зөрчсөн, төрийн байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн. Төрийн байгууллагын албан тушаалтан нь Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон Монголбанкны эрх бүхий албан тушаалтнууд гэнэ.
Уг хэргийг өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм. Тус дүүргийн шүүх 149 хавтас уг хэрэгтэй танилцаад хохир лын хэмжээг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзэн өнгөрсөн наймдугаар сард нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн нэмэлт ажиллагааг шуурхай явуулж, НПГ-т шилжүүл сэн бөгөөд хэрэгт хяналт тавьж буй прокурор О.Мөнхбаатар яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн пүрэв гаригт Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлжээ.