Жолооны үнэмлэх хэвлэх тендерт ялж, шинэ загварын үнэмлэх хэвлэж байсан DMIT гэх компани Замын цагдаагийн газрыг шүүхэд өгчээ. Тус компани жолооны үнэмлэх хэвлэх ажлыг удаа дараа цалгардуулж, иргэдийг олон сараар бухимдуулснаас ЗЦГ-ынхан тус компанитай байгуулсан гэрээгээ цуцлахаас өөр аргагүй болсон юм.
ЗЦГ DMIT компанитай 2007 оноос гэрээ байгуулан ажиллаж ирсэн бөгөөд өнгөрсөн оны наймдугаар сард тус компани бас л үнэмлэх хэвлэлгүй иргэдийг чирэгдүүлж байсан билээ. Тухайн үед DMIT компанийнхан дахин ийм асуудал гаргахгүй хэмээж байсан ч энэ оны наймдугаар сараас хойш бас л үнэмлэх хэвлэхгүй, төрийн ажлыг цалгардуулж, иргэдийг бухимдуулжээ. Өдгөө ЗЦГ-ын Мэргэжлийн хяналтын хэлтэст 30 гаруй мянган хүний жолооны үнэмлэхийг хэвлэхээр хүлээгдээд буй гэсэн. ЗЦГ-аас иргэдийн эрх ашгийн үүднээс тус компанитай байгуулсан гэрээгээ цуцалж, шинээр тендер зарлан өөр компани шалгаруулан ажлаа эхлүүлэх гэж байсан аж. Гэтэл DMIT-ийнхэн Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргаснаар үнэмлэх хэвлэх ажил дахин гацаанд оржээ. Үнэндээ DMIT ХХК-ийнхан гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, ЗЦГ-аас шинэ компанитай гэрээ байгуулан ажиллах гэхээр шүүхэд өгч, хэрэг маргаан үүсгэснээр ийм асуудалд орчихоод байгаа аж. Шүүх олон иргэдийн эрх ашгийг бодолцож, уг асуудлыг хурдан шуурхай шийдвэрлээсэй хэмээн зарим жолооны курсийн багш, захирлууд хэлж байгаа юм.