Манай орны байгалийн баялаг төдийгүй түүх соёлын дурсгал маань харийнхны нүдэнд мөнгө болж харагдсаар байгаа. Тиймдээ ч АНУ-ын хоёр иргэн “Тарбозаврбатаар”-аар мөнгө олох гэж байгаад бүтэлгүйтсэн. Түүнээс гадна манай түүх соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг харийн нутагт олон жилийн өмнөөс дуудлагаар худалдаж байсныг бид мэдээлж байсан билээ.
Швейцарийн нэгэн дуудлага худалдааны цахим хуудсанд Өндөр гэгээн Г.Занабазар, түүний шавь нарын урласан бурхан тахилыг дуудлагаар худалдаж байгаа тухай бид олон нийтэд хүргэж байв. Швейцариуд манай түүх соёлын дурсгалт зүйлсийг ингэж наймаалахын зэрэгцээ тэднийг хувилахыг оролдож буй юм.
Тус улсын иргэн хоёр эмэгтэй өнгөрсөн зун манай улсад жуулчны визээр ирээд хууль бус үйл ажиллагаа явуулсныг цагдаагийн байгууллагынхан илрүүлэн шалгажээ. Швейцарь иргэд манай улсын түүх соёлын хосгүй үнэт өв дурсгалыг яах гэж хуулбарлаж авсан, ямар зорилгоор ашиглах гэж байсныг харамсалтай нь хууль хяналтын байгууллагынхан тогтоож чадаагүй явуулсан нь хачирхалтай. Баувер, Тереза нар өнгөрсөн зун манай улсад ирж, орчуулагч, хөтөч хөлслөн хэд хэдэн аймгийн нутгаар аялжээ. Тэд манай аль аймаг, сумын нутагт ямар хөшөө, дурсгал байгааг дэлгэрэнгүй тэмдэглэсэн газрын зураг авч явсан төдийгүй Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Булган, Төв аймгийн зарим сумын нутаг дахь хүн чулуун хөшөөний зураг, бичээс дээр тусгай цаас нааж, бэлдмэл түрхэн хэвийг нь барлан авч байжээ. Түүгээр зогсохгүй хөшөөнүүдийг нарийн хэмжиж байсан гэнэ.
Тодруулбал, Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг, Цогтын цагаан балгас, Хар балгасанд очиж гэрэлт хөшөөний бичээс хуулбарлаж авсныг тэдний орчуулагчаар ажилласан Монголоо гэсэн сэтгэлтэй нэгэн цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлсэн байгаа юм. Цагдаагийнхан тэднээс тайлбар авахад “Танай хуульд хөшөө дурсгалыг хуулбарлаж авч болохгүй гэсэн заалт байхгүй шүү дээ” хэмээн амыг нь тагласан гэсэн. Харийнхан барлаж авсан хөшөө дурсгал, хадны сүг зургийг юунд ашиглах гэж буйгаа ч хэлээгүй гэсэн. Магадгүй тэд ашиг хонжоо хайж явсан гэдэгтэй олон хүн санал нийлэх биз. Манай хууль гууль байдгийг харийнхан аль хэдийнэ мэдэж, судалж ирсэн нь гарцаагүй.
Үнэхээр манай Соёлын өвийн тухай хууль нь цоорхой ихтэй байдгаас харийнхан манай хууль хяналтын байгууллагынхныг үл тоомсорлож буй биз. Соёлын өвийн тухай хуульд булш хиргисүүр ухаж, тоносон хүнтэй хариуцлага тооцох нэг ч заалт байхгүй. Хадны сүг зураг, хөшөө дурсгалыг хуулбарлан барлаж болох гүй, харж хандах хүн байх ёстой талаар нэг ч үг үсэг байхгүй учраас уулын мухарт, эзгүй газарт буй хөшөө дурсгал, булш хиргисүүрийг монгол чууд төдийгүй харийнхан дураараа загнаж, ухаж тонож байгаа юм. Дээр дурдсан хуулийн цоорхойгоос болоод Баувер, Тереза нар Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар торгуулаад өнгөрсөн гэнэ. Энэ талаар цагдаагийн байгууллагын эх сурвалж “Эрүүгийн хуульд түүх соёлын дурсгал, хөшөө, хадны сүг зургийг хуулбарлаж авсан хүнд хариуцлага тооцох заалт байдаггүй. Булш хиргисүүр тоносон хүнд ч арга хэмжээ авах заалт байхгүй шүү дээ.
Тиймээс бид харийн иргэдийг Эрүүгийн хуулийн 236 дугаар зүйлд заасан, дураараа аашилсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн. Гэвч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж прокурор Батсайхан үзээд хэрэгсэхгүй болгосон” гэлээ. Прокурорын байгууллагын эх сурвалж “Эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байсан учраас бид Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авахуулахаар мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлсэн. Түүний дагуу Швейцарийн хоёр иргэнийг торгосон” гэлээ.
Г.ЦОЛМОН