Галт тэрэгний үйлчлэгч нар бугын чив засаа, баавгайн савар нууж гаргах гэсэн хэрэг өнгөрсөн оны хоёрдугаар сард гарч байсан. Уг хэрэгт холбогдогч нь Улаанбаатар- Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний тавдугаар вагоны үйлчлэгч Н.Оюунцэцэг байв. Түүнээс хойш 2011 оны зургаадугаар сарын 22-нд мөн чиглэлийн галт тэрэгний үйлчлэгч Д.Цэцгээ баавгайн савар их хэмжээгээр хилээр гаргах гэж байгаад хил гаалийнханд саатуулагдсан. Энэ хэргийг шалгах явцдаа хууль хяналтын байгууллагынхан хятадуудтай хамтарч, тэдний худалдан авсан ангийн гаралтай эд зүйлийг нь хилээр гаргах ажлыг эрхэлсэн ажилгүй Ц.Оюунбилэг гэх эмэгтэй зохион байгуулдгийг тогтоон, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан билээ. Ингээд өнгөрсөн дөрөвдүгээр сард Хан-Уул дүүргийн шүүхэд уг хэргийг хэлэлцэж, Ц.Оюунбилэг, Н.Оюунцэцэг, Д.Цэцгээ нарыг баавгайн савар, бугын чив, сүүл хууль бусаар хил нэвтрүүлсэн гэм буруутайд тооцон Ц.Оюунбилэгт 5.6 жил, Н.Оюунцэцэгт 5.1 жил, Д.Цэцгээд хоёр жилийн хугацаагаар хорих ял оноож, экологид учруулсан 60 орчим сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Харин давж заалдах шатны шүүхээс тэднийг ангийн гаралтай түүхий эд хилээр нэвтрүүлэхийг завдсан гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн 1-3.3 жил хорих ял шийтгэсэн юм. Уржигдар Улсын Дээд шүүхэд болсон хяналтын шатны шүүх хурлаас давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээжээ. Ингэснээр Ц.Оюунбилэг 3.3, Н.Оюунцэцэг хоёр, Д.Цэцгээ нэг жилийн хугацаагаар хорих ял эдлэх болсон аж.