Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хурлаар “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д холбогдох хэргийг өчигдөр хянан хэлэлцлээ. “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл”-ийнхэн “Пет ро чайна Дачин Тамсаг” ХХКийг Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулахдаа байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаа хангалтгүй явуулсан болохыг тогтоолгох, тус компанид төлөвлөгөөний дагуу байгаль хамгаалах ажиллагаа явуулах, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэхийг даалгах, байгаль орчинд учирсан хохирол, нөхөн төлбөр 1.3 тэрбум төгрөг гаргуулан Дорнод аймгийн Матад сумын төсөвт оруулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан юм.
Тус дүүргийн шүүх уг хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд анхан шатны журмаар хянан хэлэлцээд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн хоёр, Иргэний хуулийн есдүгээр зүйлийн 4.2, 4.4, 497 дугаар зүйлийн нэг, 510 дугаар зүйлийн нэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь Дорнод аймгийн Матад сумын IV багийн нутаг, Тосон-Уул-19 талбайд газрын тос олборлох үйл ажиллагаа явуулахдаа байгаль хамгаалах, нөхөн сэргээх үүргээ бүрэн биелүүлээгүй болохыг тогтоосон. Мөн “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-иас нөхөн төлбөр 1.3 тэрбум төгрөг гаргуулан дээрх сумын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэхийг хариуцагч “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосон билээ. Нийслэлийн шүүх энэ хэргийг өнгөрсөн долоодугаар сард хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэ вээр үлдээсэн юм. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурлаар хариуцагч “Петрочайна Дачин Тамсаг”-ийнхны гаргасан гомдлыг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.