АНУ-ын Нью-Йорк хотын “Heritage Auctions”-д энэ оны тавдугаар сарын 20- нд “Тарбозавр батаар” хэмээх үлэг гүрвэлийн чулуужсан ясыг дуудлага худалдаанд оруулахад, 1.052.500 ам.доллараар зарагдсан. Харин тус улсын зарим эрдэмтэн судлаач, өмгөөлөгч нар хамтран уг яс нь Монгол Улсын Нэмэгтийн хөндийгөөс олдсон хэмээн үзэж, дуудлага худалдааг хүчингүй болгосон билээ. Энэ олдворыг Монгол Улсын хилээр хэрхэн гаргасан, ямар замаар тус улс руу нэвтрүүлсэн гэдгийг АНУ болон манай хууль сахиулагчид эрэн сурвалжилсны дүнд тодорхой сэжүүрүүдийг гаргаад байгаа. Тухайлбал, уг олдворыг худалдах гэж байсан Эрик Жон Прокопи гэгч этгээд АНУ-ын татвараас зайлсхийсэн нь батлагдаад байгаа бөгөөд түүндээ ял сонсох нь тодорхой болсон. Гэвч тэрбээр үлэг гүрвэлийн яс Монголоос гараагүй хэмээн давж заалдаж буй.
Гэсэн ч манай цагдаагийн байгууллагын ажилтнууд шургуу эрэн сурвалжилсны дүнд Эрик Прокопи удаа дараа Монголд ирж, манай иргэдтэй хамтран “Тарбозавр батаар”-ыг хилээр гаргасан болохыг тогтоогоод байгаа. Өдгөө энэ хэргийг УМБГ-т шалгаж, сэжигтэн гурван хүнд Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасан “Эд зүйл улсын хилээр хууль бусаар зохион байгуулалттайгаар нэвт рүүлсэн”, 150 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн “Эд хөрөнгө завшиж, үрэгдүүлсэн” гэсэн үндэслэлээр шалгаж буй юм. Үлэг гүрвэлийн ясыг эзэмшиж буй АНУ-ын иргэн Эрик Прокопи нь мөн энэ төрлийн бизнес эрхэлдэг нутаг нэгт Крис Мүүре гэгчтэй Монголд гурван ч удаа ирж байсан нь виз, хилээр орж гарсан тэмдэглэл зэргээр батлагдаад байгаа аж. Харин Эрик Прокопи “Би Монголд нэг ч удаа очиж байгаагүй” хэмээдэг. Харин түүнийг Монголд хүлээн авч, үлэг гүрвэлийн яс олж авах, хилээр гаргах ажлыг нь Н.Түвшинжаргал гэдэг хүн зохион байгуулж өгдөг байжээ.
Бидэнд олдсон мэдээллээр Н.Түвшинжаргал нь англи, япон, солонгос хэлтэй, үлэг гүрвэлийн ясаар бизнес хийгч гадаадын хэд хэдэн хүнтэй холбоотой ажиллаж байсан гэнэ. Ингэж явахдаа АНУ-ын иргэн дээрх хоёр хүнтэй танилцаж, Э.Прокопи, К.Мүүре нар Монголд удаа дараа ирэхдээ тэдний гэрт нь байрлаж байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр батлагдсан гэнэ. Түүгээр зогсох - гүй хил, гаалийнхантай холбогдож, хуурамч бүрдүүлэлт, мэдүүлгээр үлэг гүрвэлийн чулуужсан ясыг дээрх хоёр хүнд гаргаж өгөх зохион байгуулалттай ажлыг нь хийж өгсөн сурагтай. Харамсалтай нь энэ хэргийн гол зохион байгуулагч Н.Түвшинжаргал өнгөрсөн онд хорвоогоос хальсан байна. Гэхдээ цагдаагийн байгууллага Н.Түвшинжаргалын хамсаатан О, Ө нарыг цагдан хорьж, шалгаж буй. Тэд үлэг гүрвэлийн чулуужсан ясыг хулгайгаар ухаж, авчирч өгдөг байсан гэнэ. Түүнээс гадна энэ хэрэгт хилийн цэрэг, гаалийн ажилтнууд холбогдон шалгуулж байгаа юм байна. Тэд Э.Прокопи, К.Мүүре нартай хамтран “Тарбозавр батаар”- аас гадна үлэг гүрвэлийн өөр олон яс хилээр гаргаж байжээ.
Г.ЦОЛМОН