Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хууль зөрчсөн нь тогтоогдсон зарим ахлах офицерт арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөлжээ.
Бидний авсан мэдээллээр Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлд заасан “Нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсвэл хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж өгөөгүй, татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах” заалтын дагуу ЗЦГ-ын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн дарга, дэд хурандаа С.Мөнхтамга нарын гурван хүнийг ажлаас халсан байна. Мөн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Б.Амгаланбаатарыг ажлаас нь чөлөөлжээ.
Харин Дархан-Уул аймаг дахь Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Б.Баттулгад Авлигын эсрэг хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулж, хариуцлага тооцсон байна.