Орон нутгийн сонгууль ойртсон энэ үед намууд бүү хэл нам дотроо бүлэглэлүүд хөлөө жийлцэж эхэлжээ. Үүний тод жишээ Дорнод аймгийн АН-ынхны дунд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр болов. Тус аймгийн АН-ын дарга Г.Болдбаатарыг өнгөрсөн бямба гаригт тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын шийдвэрээр цагдан хорьсон байна. Гэвч 24 цагийн дараа ням гаригт тус аймгийн Ерөнхий прокурорын шийдвэрээр сулласан аж. Орон нутгийн хууль хяналтын байгуул лагын эх сурвалжийн мэдээлснээр Г.Болдбаатарыг АН-ын гишүүн, 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр сууж байсан С.Билэгсайхан “Намдаа хандивласан 59 сая төгрөгийг маань залилан хувьдаа авсан” хэмээн гомдол гаргаж, цагдаагийн байгууллагад өгчээ. Тус аймгийн Цагдаагийн газраас С.Билэгсайханы гомдлын дагуу шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон аж.
Цагдаагийн эх сурвалж “С.Билэгсайханы гомдлын дагуу Г.Болдбаатарыг шалгаад түүний намдаа хандивласан гэх 40 гаруй сая төгрөгийг 2012 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд нэр дэвшигчдэдээ зориулан ашигласан нь баримтаар тогтоогдсон. Үлдсэн 10 гаруй сая төгрөг нь хувь хүмүүсийн хоорондын өгөө, аваа, зээл хэлбэрийн мөнгө байсан учраас иргэний журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан” гэлээ. Цагдаагийн байгууллагын энэ шийдвэрийг С.Билэгсайхан эсэргүүцэж, Дорнод аймгийн Прокурорын газарт дахин гомдол гаргасны дагуу, аймгийн Прокурорын газраас Г.Болдбаатарт эрүүгийн хэрэг үүсгэн дахин шалгахаар шийдвэрлэж, түүгээр зогсохгүй 72 цаг албадан саатуулах тогтоол гаргасан юм байна.
Дорнод аймгийн АН-ын дарга Г.Болдбаатартай холбогдож энэ талаар лавлахад “Манай намын дотоод асуудал, нэр дэвшигчдийн дэнчин зэрэгтэй холбоотой асуудал. 50-60 сая төгрөгтэй холбоотой асуудал байхгүй. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Үнэн зөвийг нь тогтоогоод өгөх байх” гэлээ.
Г.РАВЖАА