Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбатад холбогдох хэргийг ирэх баасан гаригт хэлэлцэхээр товложээ. Улсын Дээд шүүхийн хяналтын өнгөрсөн тавдугаар сарын 30-ны шүүх хурлаар Д.Оюунбатад холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж, цагаатгасан билээ.
Харин хяналтын шатны шүүхийн эл шийдвэрийг прокурор эсэргүүцэж, УЕПГ-аас эсэргүүцэл бичсэнийг нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон нь энэ юм.
Түүнийг Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, Спортын ордон бариулсан хөрөнгөөс завшсан гэмт хэрэгт буруутайд тооцон Баянзүрх дүүргийн шүүх болон Нийслэлийн шүүхээс тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоёр жил хасаж, 3.6 жил хорих ял ногдуулсан байсан юм.
Г.ОРЧЛОН