Архи хэмээх хатуу ундааг хүн төрөлхтөн хэрэгтэй учраас л элдэв зүйлээс гаргаж авсан байх. Магадгүй хэтрүүлж хэрэглэж болдоггүй эм гэдэг өнцгөөс нь анх нээсэн ч байж болзошгүй. Даанч нөгөө золиг нь мансуурч тайвшрах хүний төрөлхийн донг сэдрээж, нэг л өдөр хэзээ ч салахын аргагүйгээр хүн хэмээгчийг хүзүүдэж авах юм чинээ хэн ч бодоогүй биз ээ.
Манайхан нэгэн үе түүнийг “Цагаан Долгор” хэмээн өхөөрддөг байв. Одоо төрөл нь олширсон учраас түүний сураг бүрэн алдарсан. Харин өрнийнхөн архийг “Ногоон чөтгөр” гэлцдэг юм гэсэн. Нэг нь магтаж, нөгөөх нь цэрвэсэн байгааг анзаарав уу. Тэгвэл архи хэмээх энэ хатуу идээ эхнийхэд нь дөнгөж нэвтэрч, нөгөөхийг нь хашрааж эхэлсний нэг баталгаа энэ гэлтэй.
Одоо харин манайхан хаширч байна. Айл бүхэн нэг архичин, бас бөөтэй боллоо. Бөө нь ихэвчлэн архичингууд. Далай лам айргаа арай түлхүү уу гэлээ. Үгэнд нь ордоггүй дээ. Өмнөх хэдэн Ерөнхийлөгч ч багагүй үглэв. Одоогийн Ерөнхийлөгч сүүгээ уу гэлээ. Дарга нар л нүүрэн дээр нь үгэнд нь ордог юм шив дээ. Ингээд архины өмнө гараа өргөх ч хэцүү, байх ч хэцүү болов. Өдгөө яаж байна гэхээр хэд хэдэн гаргалгаатай тэгшитгэл бодохдоо хариуг нь гаргаж дөнгөхөө болиод самбарын өмнө толгойгоо илэн зогсох оюутантай манай төр тун адилхан харагдах болжээ. Засгийн газар саяхан архины үнийг нэмлээ. Үүнийг миний бие архичдын тоог багасгах бус харин мөнгө олж, онгойж харлаад байгаа төсвөө нөхөхийн тулд авч буй арга хэмжээ хэмээн бодож сэтгэлээ тайвшруулав. Өөрөөр хэлбэл, дарга нарын цалин хөлсийг тавих мөнгө олохын тулд л архины үнийг нэмж байна гэж ойлгосон. Үгүй байхыг үгүйсгэхгүй. Харин зөв бурууг цаг хугацаа шүүх биз. Зөв бол аз. Буруу бол бидний хохь.
Өнгөрсөн алдааны төлөө хэн нэгэн ямар хариуцлага хүлээх биш. Гэхдээ энэ удаа урьд өмнөх сургамж, ирээдүй хойчид ирж болох сүйрлийг энэхүү үнийн нэмэгдэл хэрхэн өөрийнхөө хэмжээнд хөөрөгдөж болох талаар хэдэн үг хэлье. Ер нь архины үнийг нэмсэн нь сайны цондон яавч биш. Мэдээжийн хэрэг архичид цөөрсөн эсвэл олширсон эсэхийг нэг жилийн дараах судалгаа харуулж таарна. Гэхдээ л сайны цондон биш гэдгийг батлах баримт бидний амьдралд хангалттай бий. Гашуун гашуун сургамжууд зөндөө. Архи спирттэй холбогдсон шүү дээ. Өнөөдөр ч хангалттай байна. “Нарантуул” захын зүүн хойд хэсэгт “хогийнхон” гэх тодотголтой бүлэг хүн байдаг юм. Үнэндээ яг хог түүдэг хэсгийнхэн бас биш.
Хэн нэгэн өөрсдийнхөө хуучирсан хувцас, аяга таваг, түлхүүр цоож, сав суулга, ном сонин, бага зэрэг муудаж ялзарсан төмс ногоо гэх зэргийг авчирч, хямдхан өгдөг. Нөгөөдүүл нь аваад дээр нь нэг хоёр зуун төгрөг нэмэн наймаалдаг юм. Гэхдээ бүгд хуучирсан зүйл байдаг. Хулгайн бололтой зүйл ч элбэг. Энд ер нь хүний хар нүднээс бусад нь бий. Бас бараг бүх үйлчилгээ байдаг. Арай л үс засаж, хумс будахгүй. Тэдний бараа янз бүрийн үнэтэй. Гэхдээ ихэнх нь 100-200 төгрөг. 10-20 мянган төгрөгийн үнэтэй зүйл ч байдаг. Ингэхэд тэд олсон мөнгөө юунд зарцуулдаг гээч. Архи уудаг. Эр, эмгүй, хөгшин залуугүй. Архи нь тэдний дэргэд шахам байх дэлгүүрүүдэд бий. 100, 500, 1000, 1500, 2000-ын гээд л янз бүрийн үнэтэй. Мэдээж лангуун дээр нь байхгүй. Асуувал өгнө. Тоох ч үгүй. Худалдагч бүсгүйд айж эмээж байгаа шинж огтхон ч харагддаггүй. 2000- ынх байна уу? Байна аа. 1500-гийнх байна уу? Байна аа. Тэдэнд айхгүйн учир байна.
Хэрэгт дуртай нэг нөхөр өөрөө халамцуу хэрнээ яагаад ийм архи худалдаж байгаа талаар бяцхан агсам тавихгүй юу. Гэтэл нэгэн нуруулаг банди гарч ирэн ганц цохиж унагаад цус нөжтэй нь холив. Холиулсан нөхөр мөчөөгөө өгөлгүй үзэлцлээ. Цагдаа дуудав. Өөрөө баригдав. Хүмүүсийн ярихыг сонсвол энэ дэлгүүр цагдаагийн нэгэн хурандаагийн ивээл дор байдаг ажээ. Ийм дүр зургийг хүн олноороо төвлөрдөг газруудын орчмоос харж болно. Хархорин, Шар хад, Баянхошуу, Баянзүрх гээд бүх газарт бий. Дэлгүүрүүдийн хувьд ийм архи худалддаг газар хаа сайгүй. Ялангуяа гэр хороололд ийм архи зардаг дэлгүүр зөндөө бий. Худалддаг нь нөгөө л хямдхан архинууд. Бүгд лангууныхаа араас худалдана. Ийм архийг дэлгүүрийн эзэд хийдэггүй. Авчирч өгнө. Ер нь манайд хямд спирт урдаас оруулж ирдэг, түүгээрээ архи хийдэг, акцийг нь урдаас авчирдаг, хийсэн архиа түгээдэг, худалддаг, энэ бүгдийг далдаас хамгаалдаг, ашгаа хуваадаг бүхэл бүтэн сүлжээ бий. Ганц нэгийг илрүүлдэг. Тэр нь ний нуугүй хэлэхэд авлигаа бусдад өгөөгүй байдаг. Эсвэл шинээр нэг нөхөр савлаад эхлэхээр хуучин архагууд нь матдаг. Түүнийг нь манайхан ихээхэн сүр дуулиантайгаар илрүүлэн зарладаг.
Архагууд хямд архиа үйлдвэрлэсээр үлддэг дүр зураг олон жилийн нүүр үзэж байна. Энэ бүгдээс хамгийн аюултай нь урд хөршөөс оруулж ирж байгаа спирт. Арга нь нарийн. Өдгөө архи үнэд орсон сургаар спирт хууль бусаар хил давуулагчид ихээхэн баяртай байна. Өмнөд хөршийнхөн бол мэдээж шүү дээ. Энд архины үнэ нэмэгдлээ гэхэд тэнд гуяа алгадах нөхөд цөөнгүй. Энд ч цөөнгүй. Ингээд л хямд үнэтэй, хүний эрүүл мэндэд аюултай спиртийг зөөж өгнө дөө. Хилээр нууж оруулна. Арга нь нарийн гэж үнэхээр атаархмаар. Арай л гэдсэндээ тээж, эргүүлж бөөлжиж гаргах нь халаг болно. Хоол амтлагчийн шилэнд савлаж авчирна. Жимсний ундаа маягтайгаар савласан нь ч байх. Гурил будаа маягтайгаар ууталсан нь ч байдаг. Ер нь ууж иддэг, эдэлж хэрэглэдэг энгийн эд зүйлсийн оронд спирт байхад огтхон ч гайхах хэрэггүй. Урд хөршийн нууц үйлдвэрүүд энэ тал дээр дэлхийд гайхагддагийг бид мэдэлгүй яахав. Ингээд манай талын яахаас ч буцахаа байсан архи спиртээр ашиг хайгчид, өмнөд хөршийн зоос зүүдлэгчидтэй хамтраад ард олноо шулах гэхээсээ алах хэмжээний хэрэг тарьдаг.
Эцэст нь хэсэг монгол хорвоог орхиж, нэг хэсэг нь шоронд хатан, харин эрх мэдэлтэн, мөнгө төгрөгөөрөө холбогдсон спиртийн мафинцар, мөнгөтэй болсон хятадууд зүв зүгээр үлддэг гашуун туршлага манайд олон. Ерөнхийдөө архи спиртийг тойроод мөнгө, эрх мэдлийн аалзны тор шиг сүлжээ нэхэгдсэн байдгийг олон нийт мэддэг болов. Хамгийн ойрхны нэгэн жишээг авъя. 2007 оны арванхоёрдугаар сарын 30. Багануур дүүрэг. “Азийн чоно” компанийн архинд 61 хүн хордож 15 нь нас барав гэсэн мэдээ шинэ жилийн “настр” орчихоод байсан монголчуудыг цочоолоо. Бүгдээрээ хэрдхийв. Яав ийв болоод л явчихлаа. Энэ бол Монголд гарсан дуулиант хэргүүдийн нэг яах аргагүй мөн. Гэвч их дуу чимээний ард түүнийг гаргасан жинхэнэ эзэд нь үлддэг зарчим энэ удаа ч гэсэн бас үйлчлээ юү гэсэн хардлага олон нийтийн дунд хожим хэрэг шийдэгдсэний дараа үлдсэн юм.
Юуны өмнө хүний биед аюултай метилийн спиртийг улсын хилээр хууль бусаар оруулж ирсэн нь бус тэр спиртийг нь худалдаж аваад архи үйлдвэрлэсэн хүмүүс хамгийн чанга ял авсанд хамаг учир оршиж байлаа. Ингэхэд овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав гэсэн үг бий. Энэ дуулиант хэргийн “овоо” босгосныг нь бус “шаазгайг” нь шийтгэсэн явдал учир мэдэх хүрээнийхний дунд гайхал төрүүлээд өнгөрсөн. Энэ ч бас учиртай. Яагаад гэхээр хэрвээ энэ хэрэг үнэн мөнөөрөө шийдэгдсэн бол Монголд архи спиртийн наймаанаас ашиг олдог иргэд, компани, хуулийнхан, хил гаалийнхан гэсэн асар том сүлжээ нэгэнт бий болсныг зарлах байв. Гэвч хамаг бүхнийг “Азийн чоно” дээр төвлөрүүлж, нийгмийн уур амьсгалыг тэр зүг рүү хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр хандуулж чадсан учир энэ хэргийн талаар учрыг мэдэх нэг нь дуугараагүй. За тэгээд тэр үед дуугараад ч нэмэргүй байсан даа. “Азийн чоныг” өмөөрлөө гээд нийгэм тасчиж хаях байсан биз.
Энэхүү метилийн 1200 литр спиртийг нэгэн компанийн захирал Ц.Баттогтох урд хөршөөс оруулж ирэх ажлыг зохион байгуулсан байдаг. Зорилго нь шингэн түлш буюу бензин гаргаж авах. Бензин ч гаргаж авсан. Гэвч түүний энэхүү хууль бусаар оруулж ирсэн спирт л эцсийн эцэст багануурчуудын аминд хүрсэн юм. Тэрбээр үүнийхээ төлөө таван жилийн хорих ялаар шийтгүүлэв. Мөн энэ спиртийг улсын хил, гаалиар шууд ногоон гэрлээр оруулж ирэх асуудлыг нь гаалийн байцаагч Х.Цэрэндолгор зохион байгуулжээ. Тэрбээр шингэн саван, торхтойг нь цавуу гэх зэргээр оруулж ирсэн байдаг. Анзаарч байгаа биз. Үүнийхээ төлөө дөрвөн жилийн ял авав.
Хортой энэ спиртийг “Азийн чоно” компанийн менежерт мэдсээр байж борлуулсан Ц.Бат- Өлзийд дөрвөн жил, Б.Баярсайханд гурван жилийн ял өгсөн байдаг. Эд бол “овоо” босгогчид. Хил гаалийг худалдагсад. Мэдсээр байж метилийн спиртийг зарагсад. Бараг террорист гэмээр халдлага үйлдсэн хүмүүс. Тэд ийм ял авав. Тэгвэл “шаазгайнууд” буюу “Азийн чонын” захирал бүсгүй Ц.Сэлэнгэ долоо, түүний менежер нь чанга дэглэмтэй шоронд хоригдох найман жил ял авсан байдаг юм. Ялын хувьд яах аргагүй өөр байгаа биз. Тэгвэл “овоо” босгогчид эдгээр ялыг эдэлсэн үү. Бараг үгүй дээ. Доод тал нь 72 цаг дээд тал нь найман сар суугаад өршөөлийн хуульд хамрагдсан байдаг.
Харин “шаазгайнууд” өөр. Энэ бүхэн өөрөө ямар нэгэн юм хэлэхгүй байна гэж үү. Энэ бүгдийг ухаж, төнхөж, урьдах зүйлийг нь сэргээх гэсэндээ бичиж буй юм биш. Харин архи дарсны үнэ хэлбэлзэх төдийд архи спиртийн наймаачид, тэднийг халхалж аш гаас нь хүртдэг хил, гаалийнхан, хуулийнхан сэргэдэг гэдгийг сануулах гэсэн юм. Бид эдүгээ шударга амьдрахын төлөө зүтгэж байна. Энэхүү хуучирсан хэрэгт авагдсан материалуудыг эргээд харж байхад сайтар үзэх юм бол энэ дуулиант хэргийн ард асар олон хүн арьсаа хамгаалж үлдээд, хамаг бүхнийг “Азийн чоно” гэх компани дээр тохсон юм шиг санагдах нь бий. Ер нь олон юм байдаг. Улаан цайм гэмээр ч юмнууд харагдаг юм. Гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн машин техникийг анхан шатны шүүх нь улсын орлого болгоод байхад Нийслэлийн шүүх “овоонуудад” буцаан олгож, тэр ч бүү хэл мөнгөн торгуулиудыг нь хүчингүй болгосон байх жишээтэй.
Мөн хордсон гэх 61 хүний хэд нь “Азийн чоно”, хэд нь “Сэтгэшгүй тэргэл”, хэд нь өөр бусад компанийн архинд хордов гэдгийг цагдаагийнхан шалгаад тогтоочихсон байдаг юм. Гэвч бүгдийг нь “Азийн чоно” дээр тохчихсон. Манайхан л болсон хойно шартаж үхтлээ гудардаг хойно янз бүрийн л архинд хордсон байдаг юм билээ. Тэгвэл хордсон 31, нас барсан 15 хүн зөвхөн “Азийн чоно” компанийн үйлдвэрлэсэн архинд хордсон юм шиг тодорхойлолтыг Багануурын шинжээч эмч Оюунгэрэл, Ванданмягмар нар хийж өгснөөр нийгэм нэг зүг шуурч, түүн дээр “овоо босгогчид” тоглосон дүр зураг өөрийн эрхгүй харагддаг. Хуульчид энэ талаар ярилцдаг. Ер нь аливаа томоохон хэргийг шийдвэрлэсний дараа зөвхөн хуульчид л хэр үнэнд ойртов гэдгийг дүгнэж чаддаг хүмүүс. Даанч мэргэжлийнхээ ёс зүйн хувьд энэ тэгсэн байна, тэр тэгжээ гэх зэргээр араас нь үг дайгаад байдаггүй онцлогтой.
Хуульч Б.Ганболд “Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй” хэмээх ном гаргажээ. Түүнд уг хэргийн тухай өгүүлэхдээ, “Энэ хэрэг нэгэнт түүх болон үлдсэн, гэхдээ сургамж авах зүйл бий. Шүүх тус хэргийн нийгмийг цочроосон байдалд хэт их анхааран, ач холбогдол өгөх, үйлдэл, холбогдол, хор уршиг, шүүгдэгч бүрийн хувьд өөр өөр байсныг хамаарч ялын хатуу бодлогоор хохирогдогчдын хариуг тайлах гэсэн өнгө аяс гаргасан. Уг нь дахин ийм харамсалтай хэрэг гаргахаас бусдыг сэрэмжүүлсэн бол сайн” гэжээ Энэ бол “овоонуудыг” эхлээд хатуухан шийтгэх ёстой байлаа гэсэн агуулгаар хэлжээ хэмээн ойлгодог.
Хэн нэгэн метилийн байтугай спирт хил, гаалиар оруулахааргүй хэмжээнд шийтгэх арга хэмжээ авсан бол гэх бодол төрдөг юм. Тухайн үед “Азийн чоно” компанийн хайхрамжгүй менежер л ганцаараа ийм спирт авсан гэж үү. Мөн ганцхан Ц.Баттогтох гэдэг нөхөр л гав ганцаараа мети лийн спирт оруулав гэж. Х.Цэрэндолгор ч ганцаараа үүнийг хилээр оруулж ирэв гэж. Тухайн үед одоогийн захын наймаачдад ч хэдийг тараасныг бүү мэд. Одоо ч тарааж байгаа юм бил үү. Тэр нь 100, 500, 1000,1500, 2000-ын архи ч болдог байх. Ямартай ч “Өвгөнтийн хөндийнхөн” гэх алдрыг анх хүртээд дараа нь “Бөбөчид” цолыг аван, эдүгээ “Хогийнхон” хэмээн нэрлэгдэх архинд өнөөдөр ч манайхан үхсээр. Даан ч тэднийг ямар тоох биш.
Манай нийслэлд орц хонгилоор амьдардаг гэх 2084 иргэн бүртгэлтэй юм байна. Бүгд архи ууна. Жилдээ 1500 хүн архинд хордон нас бардаг гэсэн тоог Шүүх эмнэлгийнхэн гаргажээ. Эдгээрийн 80 хувь нь 20-45 насныхан гээд бод доо. Үүн дээр хямд архины хамгийн гол зах зээл хөдөөгийнхнийг нэмэх хэрэгтэй. Ямартай ч Засгийн газар архиныхаа үнийг нэмлээ. Хямд архи, хуурамч спиртийн наймаачид баяртай байна. “Овоо, шаазгай” хоёрын хэрэг буюу хатуу дарсны үнийг нэмсний тухайд ийм буюу.
Н.ДАВАА