Нийтийн тээврийнхнийг нийслэлчүүдэд түргэн шуурхай үйлчлүүлэхийн тулд нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэйгээр зорчуулж, итгэл хүлээлгээд байхад сүүлийн үед том оврын автобусууд осол гаргах болов. Хэдхэн хоногийн өмнө Баянзүрх дүүргийн Гачууртад том оврын автобусны жолооч согтууруулах ундаа хэрэглэсний улмаас бусдад жолоогоо шилжүүлснээр осол гаргаж, олон зорчигчийг гэмтээсэн.
Тэгвэл өнгөрсөн баасан гаригт мөн л тус дүүргийн Дарь-Эхийн замд нийтийн тээврийн автобус усны машинтай мөргөлдсөн байна. “Автобус-1” компанийн жолооч уг ослыг үйлдсэн бөгөөд усны машиныг хажуугаараа унатал мөргөсөн гэхээр ямар осол болсон нь тодорхой. Харин азаар хүний амь эрсдээгүй аж. Усны машины жолооч болон автобусны зарим зорчигч хүнд, хөнгөн байдлаар гэмтсэнийг Яаралтай тусламжийн төвийнхөн эмнэлэгт хүргэжээ.
Л.ГАНЧИМЭГ