Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн наймдугаар хороо, Баянхошууны эцэст байрлах “Сод Монгол” компанийн шатахуун түгээх 16 дугаар салбар станцад түлш буулгахаар явж байсан “Зил-130” маркийн автомашины чиргүүл уржигдар онхолджээ. Уг машин шатахуун түгээх станцаас 100 орчим метрийн зайд явж байсан бөгөөд жолооч Б нь уруу газарт эргэлт хийхдээ зай талбайгаа буруу тооцоолсон тул 8.8 тонн түлш ачсан чиргүүл нь онхолдож, их хэмжээний түлш асгарсан аж.
Онцгой байдал, Цагдаа, ТҮК гээд холбогдох байгууллагууд шуурхай ажилласны дүнд ослын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй байна. Энэ тухай дуудлага НОБГ-т 15.56 цагт ирсний дагуу,tц тус газрын орлогч дарга, онцгой байдлын дэд хурандаа Д.Эрдэнэбаатараар ахлуулсан нийслэл, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтсийн аврагчид тэр орчмын хөрсийг хуулж, асгарсан түлшийг зөөн, шуурхай ажилласны дүнд аюулгүй болгожээ. Дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн ослын газрыг хамгаалалтад авсан бол ТҮК-ийн ажилчид таван цаг гаруй ажиллахдаа түлш асгарсан 50 ам метр талбайд элс асган, орчны хөрсний бохирдлыг саармагжуулж, бохирдсон элсийг 12 тоннын даацтай ачааны машинаар хоёр удаа зөөжээ.
Ослын шалтгааныг нарийвчлан тогтоохоор дүүргийн замын цагдаагийнхан ажиллаж байна.
Л.ГАНЧИМЭГ