Манай улсын иргэн О, Х, Х нар үгсэн тохиролцож, удаа дараа мансууруулах бодис хууль бусаар тээвэрлэсэн, тээвэрлүүлсэн хэргийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа. Тэдний хэрэгт нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5 дахь заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн ч Сүхбаатар дүүргийн шүүх хянан хэлэлцэж мөрдөн байцаалтад буцаажээ.
Харин уг шүүхийн тогтоолыг улсын яллагч эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэний дагуу уржигдар Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцлээ. Улмаар хэргийг мөрдөн байцаалтад буцаан, шүүхийн тогтоолыг хэвээр үлдээсэн аж. Мөн улсын яллагчийн эсэргүүцлийг хүчингүй болгосон байна.
С.АЗ