Албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаярын давж заалдах шатны шүүх хурал уржигдар өглөөний 08.30 цагт хаалттай эхэлж, өчигдөр шөнийн 01.20 цагт дуусчээ.
Энэ талаар Нийслэлийн шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан О.Одгэрэл өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж ялыг хэвээр баталсан. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ТВ9 телевизийн хууль бусаар олсон орлогыг хураана гэж ерөнхийлөн заасныг өөрчилж, тус телевизийн 119 сая 534 мянга 302 төгрөгийн эд хөрөнгийг хураахаар болсон.
Мөн “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбоотой үйлдэлд нь анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож ял шийтгэсэн боловч энэ асуудлаар гарсан нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол болон нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгоогүй нь буруу байна гэж үзэн хүчингүй болгох хоёр заалт нэмж оруулсан. Н.Энхбаяр, Д.Чулуунбаатар, Д.Дуламсүрэн, Ж.Мягмаржаргал нарын гэм буруутай нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ” гэв.
Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл, Б.Оюунбилэг нар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэн, Улсын дээд шүүхэд хандана гэжээ.
С.ЗАЯА