Нийслэлийн Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг, Гачууртын автобусны эцсийн буудлын ойролцоо “Атибус” компанийн автобус унаж, зорчигчид гэмтсэн осол өчигдөр өглөө гарав. Гачуурт-ХӨСҮТ-ийн чиглэлийн УНИ 06- 89 улсын дугаартай том оврын автобус 08.15 цагийн орчимд үйлчилгээнд гарахаар эцсийн буудлаас хөдлөөд удалгүй замын хажуу руу унажээ. Ослын улмаас 10 гаруй зорчигчийн долоо нь хүнд болон хүндэвтэр гэмтэж, Гачууртын эмнэлэгт хүргэгдсэнээс гурвынх нь бие тааруу байсан тул ГССҮТ-д аваачсан байна.
Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн Олон нийттэй харилцах байцаагч, цагдаагийн ахмад Батбаяраас болсон явдлыг талаар тодруулахад “Автобус эц сийн буудлаас хөдлөөд 30 орчим метр яваад, замын хажуугийн далан руу унасан байна. УНИ 06-89 дугаартай автобусыг өнөөдөр (өчигдөр) жолоодох хуваарьтай хүн нь компанийнхаа өөр нэг ажилтанд жолоогоо шилжүүлсэн байгаа юм. Дээрх автобусны үндсэн жолооч Д-г саатуулан шалгахад 0.46 хувийн согтолттой байсан. Харин осол хийсэн жолооч нь хэргийн газраас зугтсаныг бид “Атибус” компанийнхантай хамтран эрэн сурвалжилж байна” гэлээ. Автобус унахдаа баруун талаараа буюу хаалгаараа унасан тул урд талын том цонхыг нь хагалж зорчигчдыг гаргасан гэнэ.
ГССҮТ-д хүргэгдсэн хүмүүсийн бие ямар байгааг сурвалжлахаар 13.00 цагийн үед очиход Хүлээн авах тасгийн хажуугийн өрөөнд нэг эмээ хэвтэж байв. Түүнийг үзсэн эмч тархи болон аарцаг, түнхний томографын зураг яаралтай авахуулж, хэвлийгээ ЭХО-д харуулах хэрэгтэй гэсэн ч ар гэрийнхэн нь мөнгөний боломжгүйн улмаас энд хоёр цаг гаруй болж байгаа аж. Дүгэржав гуайгаас бие нь ямар байгааг асуухад “Бие их тааруу байна. Баруун тал бүхэлдээ өвдөөд, янгинаад байгаа. Хавирганууд өвдөөд амьсгалж, ярихад ч их хэцүү байна” хэмээв. Энэ үеэр “Атибус” компа нийн ашиглалтын албаны ажилтан Ц.Эрдэнэцэцэг хэмээх бүсгүй ирж, оношлогоонд нь шаардлагатай 120 мянган төгрөгийг төлснөөр эмээг томографийн өрөө рүү авч явсан юм.
Түүнээс зарим зүйлийг тодруулахад “Жолооч нар жолоогоо дур мэдэн шилжүүлснээс осол болсон байх. Толгойтын XXI хорооллын чиглэлд явдаг жолооч Гачууртын замыг сайн мэдэхгүй шүү дээ. Жолоогоо шилжүүлсэн Д-гийн цагдаад өгч буй мэдүүлгээс харахад жолооч Ч “Хөгшин нь маргааш чиний гарыг амрааж, нэг рейсэнд явж өгнө өө” гэсэн байгаа юм. Тэгээд өглөө ажилдаа гарахынх нь өмнө ирээд, автобусыг нь жолоодсон гэсэн. Бид цаашид хариуцлага алдсан жолооч нартаа арга хэмжээ авч, ажилтнуудынхаа сахилга батыг чангатгана. Одоо юуны түрүүнд зорчигчдын эрүүл мэндийг анхаарах нь чухал байна. Энэ эмээд шаардлагатай бүхнээр тусална. Нөгөө хоёр хүний биеийн байдал гайгүй тул эмчээс зөвлөгөө аваад харьсан гэсэн. Тэдний хаягийг нь авсан. Шаардлагатай үед нь холбоо барина” хэмээв.
ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн их эмчийн хэлж буйгаар нөгөө хоёр эмэгтэйн тархи дорги сон, зөөлөн эдийн гэмтэлтэй байсан тул зөвлөгөө өгөөд явуулсан байна. Харин дээрх эмээгийн биеийн байдал тааруу байгаа бөгөөд томографийн зургийн хариу гарсны дараа бүх зүйл тодорхой болох гэнэ.
Л.ГАНЧИМЭГ