Завхан аймгийн Тэс сум дахь Хилийн цэргийн 0277 дугаар ангид өнгөрсөн бямба гаригт буун дуу гарчээ. Тус ангид хилчид хоорондоо буудалцан, нэгнээ хүнд шархдуулсан гэх мэдээлэл цацагдаад буй. Энэ талаар Тэс сум дахь Хилийн отрядын захирагчаас тодруулахад хаанаас, хэн гэдэг хүн ярьж буйг минь сайтар лавласныхаа дараа “Би ямар ч мэдээлэл өгөхгүй. ХХЕГ-ын олон нийттэй харилцах хэлтсийнхнээс асуу. Гэхдээ ямар ч байсан энэ ангид буудалцаан болоогүй” хэмээн их л нухацтай хариулав. Харин ХХЕГ-ынхны хэн нь ч болсон явдлын талаар хариу өгөөгүй юм.
Завхан аймгийн Цагдаагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч, цагдаагийн дэд хурандаа О.Одхүү “Бидэнд ирсэн мэдээллээр энэ сарын 22-ны 16.00 цаг өнгөрч байхад Завхан аймгийн Тэс сумын нутагт байрлах ... дугаар заставаас хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн хоёр албан хаагч буугаа шалгах үедээ заавар журмыг баримтлаагүйн улмаас нэгнийхээ биед гэмтэл учруулсан байна. Энэ хэргийг шалгахаар Тосонцэнгэл суман дахь Цагдаагийн хэлтсийнхэн ажиллаж байгаа. Гэмтэл авсан цэргийн алба хаагчийг эмнэлэгт хүргүүлж, шаардлагатай эмчилгээ хийж байгаа” гэлээ.
Дээрх хэргийн талаар Тэс сумын Засаг даргаас лавлахад “Би энэ тухай юу ч дуулаагүй. Сая хилийн отрядын даргатай уулзахад юу ч хэлээгүй шүү дээ. Харин өнгөрсөн баасан гаригт хойд хилээр цөөн тооны адуу туусан гэх мэдээлэл ирсэн тул манайхан хилийнхэн болон цагдаагийнхантай хамтран шалгахаар болсон” хэмээв.
Эх сурвалжийн мэдээлснээр хоёр хилчин ээлжээ солилцох үедээ буу алдсан бөгөөд шархадсан цэргийг тус заставтай хамгийн ойр байрлалтай Увс аймгийн Баруунтуруун сумын эмнэлэгт хүргэсэн гэнэ.
Л.ГАНЧИМЭГ