-Тэрбээр Богд хааны ордон музейгээс ч бурхан хулгайлуулах санал тавьж байсан аж-
“Монголын түүх, соёлын дурсгал, археологи, палеонтологийн ховор олдворыг харийнхан өөрсдийн болгох, улмаар түүнийгээ олон улсын зах зээлд гарган худалдаж, асар их ашиг олох санаархал, сонирхол урьд нь ч байсан, сүүлийн үед идэвхжих хандлагатай болсон” гэж хууль хяналтын байгууллагын нэгэн ажилтан өгүүлэв.
“Тарбозавр батаар” хэмээх үлэг гүрвэлийн араг ясыг тойрсон дуулиан үүний илрэл болов. Энэ хэрэг мандахаас өмнө гадаадын үнэт эдлэлийн дуудлага худалдааны цахим хуудсанд Өндөр гэгээн Г.Занабазарын урласан түүх, соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг дуудлагаар худалдаж буй талаар “Өнөөдөр” сонин мэдээлж байсан ч түүх, соёлын эдгээр хосгүй бүтээл хэрхэн яаж гарсан, тэдгээрийг буцаан авах талаар холбогдох байгууллагынхан таг дуугүй өнгөрсөн.
Хэдэн жилийн өмнөөс хятадууд хил дагуух аймгийн иргэдтэй уулзаж, айлуудад байгаа бурхан тахил, түүхийн дурсгалт зүйлсийг худалдаж авах санал тавьж, шуналт этгээдүүд түүнийг авахын тулд хулгайлах, дээрэмдэх зэргээр халдаж байсан тохиолдол бий. Хятадууд бүү хэл, монголчууд ч нутгийн иргэдэд санал тавьж, бурхан тахилыг нь хулгайлуулж, дээрэмдүүлж байсан баримт цөөнгүй. Ийм нэг хэрэг Өвөрхангай аймгийн Хархорин дахь Эрдэнэзуу музейд одоогоос хоёр жилийн өмнө гарсан юм.
Модон авдар дохиололтой байхын чинээ бодсонгүй
2011 оны гуравдугаар сарын 8-9-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумаас Өвөрхангай аймгийн Хархорин сумыг чиглэн цагаан өнгийн, “Верна” маркийн 10- 14 УБЧ дугаартай автомашин гарчээ. Машинд сууж явсан гурван залуу төлөвлөсөн ажлаа дуусгачихаад, авах хөлсөөр өө юу хийх талаар бодож явсан биз. Тэднийг Б.Баттүшиг, О.Гансүх, Н.Мөнхзориг гэдэг. Тэд давхисаар 02.00 цагийн үед Эрдэнэзуу музейн хойд хэсэгт ирж зогсон, нэг нь үлдэж, хоёр нь хашаа даван орлоо. Дотогш орсон хоёр Эрдэнэзуугийн гол хэсэгт байрлах Далай ламын сүмийн үүдэнд ирж, Улаанбаатараас бэлтгэж авчирсан төмөр тасдагч хайчаараа цоожийг нь төвөггүй онгойлгов. Тэд өмнөх өдөр нь судалсан модон хайрцгийг чиглэн алхав. Гэвч тийм ч амархан бүтэх зүйл биш байжээ.
Тэд музей үзэж, хулгайлах зүйлээ товлож явахдаа дохиололтойг нь анзаарсангүй. Тиймээс баригдсаныхаа дараа хошин үзэгдэлд гардагчлан “Дамба муу туучийг даалуу, үүлүүтэй байсныг би яаж мэдэх вэ” гэдэг шиг “Тэр модон авдрыг дохиололтой байхын чинээ бодсонгүй” хэмээн цагдаагийнханд хээв нэг мэдүүлж суусан байна. Дотогш нэвтэрсэн Б.Баттүшиг, О.Гансүх нар дохиолол дуугармагц сандарч хоёр модон авдрыг унагаж, дотор нь байх Занданзуу хэмээх бүтээлийг эвдэлжээ. Дохиоллын чимээгээр харуулд гарч байсан хоёр манаачийн нэг цагдаа, музейн захирал зэрэг олон хүнд мэдээ дуулгаж, нөгөө нь буугаа барин Далай ламын сүм рүү орсон байна. Энэ үед хоёр хүн хашаа даван хүлээж байсан машиндаа суун зугтахыг манаач хараад хоцорчээ. Гэхдээ машины өнгө, улсын дугаарыг нь тогтоож авчээ.
Хархорин дахь цагдаагийн хэлтсийнхэн тэр даруй түргэн авч, аймагтаа болон Архангай, Булган аймаг дахь Цагдаагийн газар, хэлтсийнхэнд машины марк, дугаарыг мэдэгдсэн байна. Гэмт этгээдүүд араас нь хөөг өөгүйд тайвширч, баригдаагүйдээ баярласаар Булган аймгийн Рашаант суманд байрлах замын гуанзанд иржээ. Хоол идээд гарч иртэл Рашаантын цагдаагийн ажилтнууд тэднийг саатуулж, Хархорины болон Эрүүгийн цагдаагийн газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнуудад хүлээлгэн өгчээ.
“Эрээнд Явж байгаад энэ бүтээлийг хулгайлах санаа төрсөн”
Энэ хэргийг санаачлагч нь Б.Баттүшиг. Тэрбээр нөгөө хоёрыгоо уруу татаж, Өндөр гэгээн Г.Занабазарын урласан түүх, соёлын хосгүй үнэт бүтээлд тооцогдох Занданзууг хулгайлж, хятадуудад зарвал өндөр үнэ хүрнэ гэж тооцоолжээ. Гэвч тэдний атгаг санаа биелээгүй нь манаач нарын соргог байдал, музейн сан хөмрөгийг дохиололтой болгосны үр дүн байв.
Б.Баттүшиг хууль хяналтынханд “2010 оны өвөл Эрээнд явж байхдаа уг ажб үтээлийг хулгайлах санаа төрсөн. Тэнд ачигч хийдэг Баатар гэдэг өвөрл өгч эртэй танилцсан юм. Тэрбээр М.Батмандах бид хоёрт Хархорины зургийг үзүүлээд голын сүмийг нь зааж, “Энд дотроо бурхантай, орой нь сүм хэлбэртэй модон авдар байгаа. Тэр авдар хэрэгтэй, бурхан нь хэрэггүй, бидэнд байгаа. Их үнэд хүрэх эд байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд нөгөө авдарны зургийг үзүүлсэн. Үүнийг аваад ирвэл их хөлс өгье гэж байсан” хэмээн мэдүүлжээ. Б.Баттүшиг 2011 оны хоёрдугаар сарын сүүлчээр Н.Мөнхзоригтой уулзаж санаагаа хэлсэн байна. Ах Н.Мөнхзориг нь найз О.Ганс үхдээ хэлэхэд цаадах нь “Бурхан шүтээнд хамаагүй хүрч болохгүй байх аа” гэж. Гэвч тэд зөвшөөрч 2011 оны гуравдугаар сарын 6-ны үдэш Хархорин сумыг чиглэжээ.
23.00 цагийн үед Хархоринд очоод зочид буудалд хоноглож, 7-ны өглөө Эрдэнэзуу музейг үзэж, хулгайлах зүйлээ харсан байна. Б.Баттүшигт уг бүтээлийг хулгайлж авчрахыг санал болгосон Баатар гэгч өвөрлөгч эр зөвхөн ачигч биш бололтой. Өдгөө тэрбээр Эрээнд харагдахаа больсон гэнэ. Тэрбээр манай эртний түүх, соёлын хосгүй үнэт бүтээлийн зургийг үзүүлж хулгайлах саналыг хэд хэдэн хүнд тавьж байж. Энэ тухай гэрч М.Батмандах “Хятадууд ийм санал цөөнгүй тавьдаг. Баатар гэгч өвөрмонгол эр л гэхэд Занданзуугаас гадна Богд хааны ордон музейгээс ийм зүйл авмаар байна гээд зургийг нь үзүүлж байсан. Одоо Баатар Эрээнд харагдахаа больсон” хэмээн мэдүүлжээ.
Занданзуу бол урлагийн хосгүй бүтээл
Занданзуу хэмээх бүтээлийг Өндөр гэгээн Г.Занабазар 1585 онд сум зандан модоор бүтээсэн, сүмийн загвар мэт бүтээл аж. Түүнийг түүх, соёлын хосгүй үнэт бүтээл гэдгийг холбогдох байгууллагаас тогтоосон бөгөөд Эрдэнэзуу музейнхэн уг бүтээлийг эвдэлсний хохирол хэмээн гэмт этгээдүүдээс 10 сая төгрөг нэхэмжилсэн байна. Уг бүтээлийг Соёлын өвийн төвд сэргээн засварлаж, Эрдэнэзуу музейд буцааж залжээ.
Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал Өвөрхангай аймгийн Хархорин дахь Сум дундын хоёрдугаар шүүхэд болж, гэмт этгээдүүдийн хөлөглөж явсан 10-14 УБЧ дугаартай “Верна” машиныг улсын орлого болгож, шүүгдэгч нарт анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлаж, хохирлоо төлж барагдуулсан зэргийг нь харгалзан 1-2 жил хорих ял оноожээ.