НЭМГ-ын харьяа Баянзүрх дүүрэг дэх хүүхдийн клиник сувилал буюу 40 дүгээр яслийн цонхоор хүүхэд унаж, хүнд бэртжээ. Энэ талаар тодруулахаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Д.Ядамдоржтой уулзахад “Цонхоор хүүхэд унаж, бэртсэн хэрэг өнгөрсөн даваа гаригт гарсан. Багшийн хариуцлагагүйгээс хүүхэд унаж бэртсэн эсэхийг бид шалгаж байна. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Болсон явдлыг тодруулахаар Офицеруудын ордны орчимд байрладаг тус яслийг зорив.
“Яслийн цонхоор хүүхэд унасан гэж манай хүү хэлсэн. Би тэр үед байгаагүй болохоор сайн мэдэхгүй” хэмээн нэгэн ээж ярив. Тэрбээр “Энэ асуудлаар өчигдөр телевизийнхэн болон хорооны дарга нар ирээд явсан. Яслийнхан хаалгаа тайлж өгөөгүй тул тэд арга буюу буцсан. Сувилал нэрийн дор эднийхэн танил талынхаа хүүхдүүдийг л авдаг. Манай байранд олон нярай байдаг ч тэд энэ яслид явдаггүй. Хүүхдээ өгье, бүртгүүлье гэхээр орон тоогүй гээд халгаадаггүй” гэв.
Ингээд бид яслийн эрхлэгчийг сураглахад түүнийг эмнэлэг рүү явсан гэж дуулдав. Яслийн эмч Ц.Мягмарсүрэн “Бид хариуцлага алдснаас болж, хоёр давхрын цонхоор ой 10 сартай хүүхэд унаж, толгойдоо хүнд бэртэл аван эмнэлэгт хүргэгдсэн. Унтлагын буюу 13.30 цагийн орчим 3-4 хүүхэд сэрүүн үлдсэн юм билээ. Анги даасан багш нь нэг давхар руу буусан хойгуур асрагч багш тэр хүүхдүүдийг хоолны өрөөнд оруулсан гэсэн. Тэгээд юм янзлаж байх хооронд нь тус өрөөний цонхны дэргэд байсан ширээн дээр гарч хүүхэд цонхоор унасан гэсэн. Уг нь цонх нь хаалттай байсан гэнэ лээ. Хүүхэд өөрөө онгойлгосон бололтой. Тэр хүү нэлээд хөдөлгөөнтэй. Бидний буруугаас болж ийм хэрэг гарлаа. Би тухайн өдөр ажиллаж байсан. 14.00 цагийн орчимд хүүхдийг эмнэлэгт хүргэж өгсөн. Тэр үед тархины хүнд гэмтэлтэй, ухаангүй, амьсгал, зүрхний цохилт жигд бус, хамраас нь цус гарсан, өтгөн нь гарсан байсан гэлээ. Тус ясли вакуум цонхтой ч хамгаалалтын торгүй, салхивчаар нь том хүүхэд ч багтахаар байсан юм.
Ингээд бид хүүгийн биеийн байдал ямар байгааг тодруулахаар ГССҮТ-д очив. Ар гэрийнхэн болон ангийн багш нар хүүг эрчимт эмчилгээний тасагт сахиж байгаа аж. Биднийг очиход хүүд цус сэлбэх эмчилгээ хийж байв. Ар гэрийнхнээс нь биеийн байдлыг асуухад хүүгийн аав ярилцлага өгөхгүй гэв. Харин эмээ нь “Бид есдүгээр сарын 1-нд эрүүл саруул хүүхэд оруулсан. Гэтэл одоо ийм аймаар зүйл болчихлоо. Хүүгээ хөл дээр нь босгоод авъя гэхээс өөр бодогдох юм алга. Бие нь ямар байгааг мэдэхгүй. Эмч нар зохих эмчилгээ хийж байна гэхээс өөр юм хэлэхгүй юм” гэлээ.
ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч Ч.Энхтүвшин “Цонхоор унасан хүүхдийн дагзны яс хугаралттай, нэлэнхүйдээ цус харвалттын байдалтай ухаангүй ирсэн. Одоо ухаан орсон, цус сэлбэх эмчилгээ хийж байна. Биеийн байдлыг харж байгаад ердийн тасаг руу шилжүүлэх эсэхээ шийднэ” гэв. Ангийн багш нартай нь уулзах гэсэн боловч ойр хавиар байсангүй. Тус яслийн эрхлэгч Гэрэлмаатай утсаар холбогдоход “Хоёрдугаар давхарт байдаг хоолны өрөөний цонхоор хүүхэд унасан. Бид хариуцлага алдснаас болсон тул зохих хариуцлагаа хүлээнэ. Гол нь хүүхдээ л эрүүл болгоход анхаарч байна” гэсэн юм.
Б.БЯМБАСҮРЭН