Өмнөговь аймгийн Баяндалай сумын нэг өрхийн дөрвөн хүнийг согтуу жолооч дайрч, амийг нь хохироосон ноцтой хэрэг өнгөрсөн ням гаригт гарлаа. Тус сумын Айраг гэх газарт намаржиж байсан малчин О-гийн гэрт тухайн үед гэрийн эзэгтэй А болон тэднийд ирээд байсан Б, А нарын 30 гаруй насны хоёр хүн, Б гэх 10 настай хүү байжээ. Орон нутгийн Цагдаагийн газрын эх сурвалжтай холбогдож болсон асуудлын талаар лавлахад “Баяндалай сум руу Ажлын хэсэг явсан. Урьдчилсан мэдээллээр гэрийн эзэгтэй болон хүү нь, мөн ээлжийн амралтаа аваад тухайн айлд амрахаар ирээд байсан хоёр том хүн нас барсан байна. Уг хэргийг үйлдсэн жолооч согтуу байсан юм билээ. Түүнийг Алтангэрэл гэдэг, 35 настай, Улаанбаатар хотын харьяат. Тэрбээр хувийн эзэмшлийн Улаанбаатарын дугаартай “Ланд ровер” маркийн машинаа жолоодож яваад энэ хэргийг үйлдсэн. Түүний эзэмшлийн компани нь Өмнөговь аймгийн Ноён суманд хайгуулын ажил хийж байгаа юм билээ. Түүнд жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ гээд шаардлагатай бичиг баримт байхгүй байсан. Ажлын хэсэг ирэхээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх” гэлээ. Мөн өчигдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн нутагт, зам тээврийн ослын улмаас нэг хүн газар дээрээ нас барж, нэг хүн хүнд гэмтсэн осол гарлаа. “Ургах наран” хорооллын баруун талын автозамд Төв аймгийн дугаартай “Тоёота Харриер” маркийн дунд оврын жийп машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэж байгаад замын хажуу руу онхолдсон аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн автомашины жолооч эмэгтэй хүн байсан гэнэ. Осол 12.30 цагийн үед болсон бөгөөд уг машинд сууж явсан хүмүүс Улаанбаатар хотод ажлаар ирж байжээ.