Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат ноцтой зөрчиж, зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилгаа үргэлжлүүлэн барьсаар байгаа талаар Сүхбаатар дүүргийн VI хорооны Бага тойруу дахь 47 дугаар байрны оршин суугчид мэдээлэв. Бага тойруугийн орон сууцны долоон байр, 199 өрх, 63 аж ахуйн нэгжийг ус, дулаанаар хангадаг инженерийн байгууламжийг 47 дугаар байрны доод хонгилд хууль бусаар, голлох тоног төхөөрөмжгүй, дутуу угсарч байрлуулснаас анх энэ хэрэг үүдсэн гэнэ. Ус, дулаан дамжуулах төв (ЦТП)-өөс ялгарах уур, чийг нь хүйтний улиралд 1-2 дугаар давхрын айлуудын гадна талаар цан хүүрэг, мөстлөг бий болгоод зогсохгүй орон сууцны дотор хана, булан, тохойд мөөгөнцөр үүсгэсэн байна.
Иймд тус байрны оршин суугчид ЦТП-г хуучин байранд нь шилжүүлүүлэхээр мэргэжлийн хяналтынханд хандсан төдийгүй уг асуудлаар хоёр ч удаа шүүх хурал болсон аж. Түүнчлэн 2010 онд НИТХ-аар тухайн ЦТП-ын барилга барих хөрөнгийг баталж, барилгын гүйцэтгэгч компани нь ажлаа эхлүүлжээ. Гэтэл “Гацууртын” гэх хүмүүс барьж байсан барилгыг нь нурааж, өөрийн эзэмшлийн 13 давхар барилгаа зөвшөөрөлгүй, зураггүй эхлүүлээд одоо дуусах дөхөж байгаа аж. Энэ барилгын ажлыг зогсоох шийдвэр нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс хоёр удаа гарсан ч эрх мэдэлтнүүд хуйвалдсаар, тэр шийдвэр хэрэгжилгүй өдий хүрлээ хэмээн 47 дугаар байрны оршин суугч Н.Бумбар хэлэв. Зөвшөөрөлгүй барьж байгаа барилгын ажлыг зогсоох талаар шинээр сонгогдсон хотын даргын шийдвэр гарснаас хойш энд ажил улам эрчимжиж, хавь ойрын хүмүүсийг шөнө ч амраахаа больсон гэнэ.
Эндхийн оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлэхэд барилгыг бариулж буй инженер Одхүү “Бидэнд хотын даргын тэр шийдвэр хамаагүй. Манайх бүр том дарга нарын зөвшөөрөлтэй” гэсэн байна. Сүхбаатар дүүргийн VI хорооны Бага тойруугийн 47 дугаар байрны оршин суугчид Л.Чинбатад хууль бусаар газар олгосон тогтоолыг хүчингүй болгох, тухайн барилгыг нураах, эсвэл улсын орлого болгох шаардлагыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, НМХГ-ын дарга Л.Бямбасүрэн нарт тавьжээ.