Сангийн сайд Ч.Улаан Засгийн газраас санаачлан боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баасан гаригт УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Уг хуулийн төслийг Төсвийн байнгын хороо хэлэлцээд, дэмжихээр шийдсэн байна. Хуулийн төсөлд дотоодод үйлдвэрлэсэн болон импортын архинд ногдох онцгой албан татварыг 40 хувь хүртэл хатуулагтай, 40 ба түүнээс дээш хувийн хатуулагтай гэж ангилж байсныг 25 хувь хүртэл, 25-40 хувь хүртэл, 40 ба түүнээс дээш хувийн хатуулагтай хэмээн гурав ангилах болгож, 25-аас дээш хувийн хатуулагтай архинд ногдох онцгой албан татварыг хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгасан байна. Онцгой албан татварын хувь хэмжээг ингэж нэмснээр архины үнэ дунджаар 3000-7500 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Манай улсад архины тусгай зөвшөөрөлтэй 91 аж ахуйн нэгж байдаг бөгөөд онцгой албан татварын орлогын дийлэнх буюу 90 гаруй хувийг эдгээр байгууллага бүрдүүлдэг юм байна. Энэ төсөл батлагдаж 2012 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлснээр 2012 оны төсвийн орлого 21.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэх аж.