Албан тушаалаа урвуулан ашигласан, улсын хөрөнгө завшсан хэргээр хорих ялаар шийтгүүлээд байгаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Нийслэлийн шүүх уржигдар хүлээн авлаа. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс яллагдагч нарт оноосон хорих ялыг тэдний өмгөөлөгчид эс хүлээн зөвшөөрч давж заалдсан тул дараагийн шатны шүүх хүлээн авч буй нь энэ юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу Давж заалдах шатны шүүх эрүүгийн хэргийг хүлээн авснаасаа хойш 30 хоногийн дотор хянан хэлэлцдэг.