Малайзад хэрцгийгээр хорлогдсон Ш.Алтантуяагийн хэрэгт тус улсын улстөрчдийг холбогдуулаад байгаа. 2006 оны арав дугаар сарын 19-нд Малайзад монгол бүсгүй бусдын гарт аймшигтайгаар амиа алдсан билээ. Энэ хэргийг мөрдөж байсан Баласубраманэйм “Энэ хэрэгт Малайзийн шадар сайд Разак Нажиб болон түүний эхнэр Росма холбоотой” гэж мэдээлсэн. Энэ хэргийг гардан гүйцэтгэсэн цагдаагийн хоёр ажилтныг шүүж, ял оноогоод өнгөрсөн бол өнгөрсөн хавраас Францын хууль хяналтын байгууллагынхан дахин сэргээн шалгаж эхлээд байгаа. 2009 онд Малайзийн Засгийн газарт хоёр “Scorpene”, нэг “Agosta” шумбагч хөлөг худалдсан Францын цэргийн шумбагч хөлөг онгоц үйлдвэрлэгч DCNS, Франц-Испанийн хамтарсан “Армарис” байгууллагын хооронд байгуулсан гэрээтэй холбоотой хэргийг дахин шалгахыг Францын шүүхээс хүссэний дагуу хэргийг сөхөөд байгаа гэж Малайзийн хэвлэлд бичсэн байсан. Францын прокурорууд энэ хэрэгтэй холбоотой мөрдлөг явуулж Ш.Алтантуяагийн аллагыг захиалсан гэх Абдул Разак Багинда болон холбогдох бусад хүмүүсийн банкин дахь данс, хадгаламж, харилцан ойлголцлын санамж бичиг, гэрээ, төлбөрийн нэхэмжлэл зэргийг шалгасан аж. Энэ хэргийг шүүх хурал өнгөрсөн баасан гаригт Францад болсон бөгөөд шүүх хурлын талаар талийгаач Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуугаас лавлахад “Шүүх хурал өнгөрсөн баасан гаригт болсон. Өнөөдрөөс тус улсын холбогдох хүмүүсээс хурлын шийдвэрийн талаар тодруулах болно. Ший дэгдэхэд хэцүү хэрэг шүү дээ. Францын төрийн дээд албан тушаалтан нь холбогдсон болохоор шийдэгдэхэд их хугацаа орох байх” гэсэн юм.