Монголоос алдагдсан ‘‘Тарбозавр батаар” хэмээх махан идэшт үлэг гүрвэлийн араг ясыг АНУ-д дуудлага худалдаанд оруулах гэж байсныг тус улсын шүүхийн шийдвэрээр манай талд хүлээлгэн өгөхөөр болоод байгаа. Гэвч түүнийг худалдахыг завдсан Эрик Прокопи гэгч давж заалдан, араг ясыг Монгол руу явуулах ажлыг зогсоогоод буй гэнэ. Эрик Прокопи гэгч этгээдийг АНУ-ын хууль, шүүхийн байгууллагаас татвараас зайлсхийсэн хэргээр яллагдагчаар татаад байгаа аж. Энэ асуудал нь түүний хувьд анхных биш, өмнө нь дөрвөн ч удаа ийм хэрэг үйлдэж байсан гэнэ. Тэрбээр “Би Монголд нэг ч удаа очиж байгаагүй, намайг Монголоос хэрхэн авч гарсныг олж тогтоо” хэмээн шүүхэд гомдол гаргаад байгаа гэсэн. Хэдийгээр тэрбээр палеонтологийн ховор олдвор хууль бусаар олборлосон нь тогтоогдохгүй байгаа ч ял шийтгүүлэх нь тодорхой болоод буй гэж эх сурвалжууд мэдээллээ. Манай хууль хяналтын байгууллагынхан ч түүнийг Монголд орж ирснийг тогтоож чадаагүй гэсэн. Гэхдээ түүний тухай дэлгэрэнгүй мэдээллийг олсон төдийгүй зургийг нь ч олж авчээ.