Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт энэ оны тавдугаар сарын 29-30-нд шилжих шөнө 13 буга агнаж, чив, сүүл, ясан болон цусан эвэр зэрэг эд эрхтнийг нь авч явсан хэрэг гарсан. Ховордсон энэ амьтныг нэг дор ийм олноор нь агнасан хэрэг ойрын хэдэн жилд гараагүй. Энэ хэргийг илрүүлэхийн тулд ЭЦГ, УМБГ-аас хамтарсан Ажлын хэсэг гарч ажиллаж буй бөгөөд 13 буга хулгайгаар агнасан хэргийг шалгах явцад 100 гаруй буга хууль бусаар агнасан хэрэг илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Мөрдөн байцаалтын явцад Ан агнуурын тухай хууль зөрчиж, хориотой ангийн эд эрхтэн борлуулж байсан хулгайн анчид болон түүнийг худалдан авдаг ченж нийлсэн олон хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тэднээс бугын цусан эвэр 34 хос, ясан эвэр 2.7 тн, сүүл 102, чив 22, хүдрийн заар 20, баавгайн савар 20, доньт дөрөв, шилүүсний толгой зургаа, зэрлэг гахайн төмсөг, чонын ходоод тус бүр долоо, зээрийн 124 эвэр болон цайруулсан 127 шуудай самрыг цагдаагийнхан хурааж авсан юм.
Хулгайн анчдын олонх нь Хэнтий, Дорнод, Төв, Булган, Хөвсгөлд хориотой ан хийсэн бөгөөд тэднээс ангийн эд эрхтнийг нь авдаг, захиалга өгдөг ченжүүдийг тогтоож, УМБГын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн шалгасан юм. Ченжүүд нь хятадуудын захиалгаар ховор эд эрхтэн авч, тэдэнд борлуулж байсан бөгөөд нэг ченжээс бугын 69-79 ширхэг сүүл хураасан аж. Шалгалтын явцад ченж П.Бямбаа гэгч нь бугын цусан эвэр 15, чив дөрөв, хүдрийн заар зургаа, баавгайн доньт дөрөв, шилүүсний толгойнуудыг хөлдөөгчид хийн хадгалж байсныг цагдаагийнхан илрүүлсэн юм. УМБГынхан түүнд холбогдох хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ. П.Бямбаа нь хятадуудын захиалгаар хулгайн анчдаас ховордсон ангийн эд эрхтнийг худалдаж авснаа хүлээсэн төдийгүй зарим анчдыг нь ч түүний мэдүүлгээр олж саатуулан, шалгаж дууссан аж. Мөн ченж Б.Батбаяр болон хулгайгаар ан хийсэн Н.Даваасамбуу нарт холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Хулгайн анчин Булган аймгийн нутгаас гурван бамбарууш, нэг согоо буудаж, эд эрхтнийг нь ченж Б.Батбаярт худалдсан нь тогтоогдсон юм байна.
Түүнээс гадна бугын цусан эвэр найман хос, тайрч хөрөөдсөн эвэр долоо, сүүл 79, чив найм, бугын засаа 12, баавгайн савар 20, хүдрийн заар зургаан ширхгийг БНХАУ руу нэвтрүүлэх гэж байсан ченж Н нарын гурван хүнд холбогдох хэрэг, Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Цайз” захын ченж Д нь бугын цусан эвэр дөрөв, чив тав, сүүл найман ширхгийг улсын хилээр нэвтрүүлэх гэж байсан хэрэг, ченж Ц нь бугын чив, сүүл тус бүр гурав, тайрч хөрөөдсөн ясан эвэр 23, хүдрийн хоёр заар хууль бусаар худалдан авч, Шадивлангийн зуслангийн орчимд гэртээ хадгалж байсан хэргийг шалгаж хараахан дуусаагүй байгаа аж. Тэдний гэм буруу нь шүүхээр тогтоогдвол Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Нэн ховор ан амьтныг зохих зөвшөөрөлгүйгээр агнасны улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтын дагуу ял шийтгэх гэнэ.