Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор тавдугаар сарын 14-ний үдэш манай улсад ирсэн Филиппин улсын иргэн 45 настай Т тээшиндээ их хэмжээний герион авч яваад манай хууль хяналтын байгууллагынханд саатуулагдсан. Тэрбээр 4-5 удаа манай улсад жуулчин маягаар ирчихээд тэр шөнөдөө буцаад явдаг байсан нь шалгалтын явцад тогтоогдсон юм. Тэрбээр ингэж ирэх болгондоо хар тамхи зөөж, авчирч байсан бололтой. Филиппин эмэгтэй нь Зүүн өмнөд Азид хууль бус үйл ажиллагаа явуулдаг хар тамхины бүлэглэлийн гишүүн хар арьст залуугийн эхнэр бөгөөд нөхрийнхөө зараалаар манай улсад брэндийн хувцас нэрээр мансууруулах бодистой чемодан хүргэж өгөхөөр ирсэн нь батлагдаад байгаа. Цагдаагийнхан шалгалтын явцад түүнийг тосож, барааг нь авч, өөр хүнд дамжуулдаг байсан А гэх монгол бүсгүйг ч саатуулаад байгаа. Өдгөө тэднийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих төвд хорьж буй бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа саяхан дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн тавд зааснаар мансууруулах бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, урьдчилан үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар тээвэрлэсэн гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа юм. НПГ-ын эх сурвалж “Уг хэрэгтэй танилцаж эхэлж байна. Хуулийн хугацаандаа танилцаж дуусаад, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх, эсэх нь тодорхой болно” гэв.