“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын хил, гаалийн хамгаалалтын бүс багтсан олон улсын явагчдын танхимаас тэсрэх бодистой төстэй зүйл илэрсэн гэх мэдээллийн дагуу өчигдөр тус онгоцны буудлыг зорилоо. Өглөө бид 08.40 цагт очиход орон нутаг болон олон улсын ирэх, буцах бүх нислэг саатаж, хүлээлгийн танхим зорчигчоор дүүрсэн байв. Тэсрэх бодис илэрсэн тул онцгой байдал зарлан, үйл ажиллагаагаа түр зогсоосноос нисэх онгоцны буудлынхан төдийгүй зорчигчид, үдэгчдийг багагүй сандаргасан нөхцөл байдал үүсээд байсан юм. Тагнуулын ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газар, Онцгой байдлын алба, Хил хамгаалах ерөнхий газар, Мэдээлэл шуурхай удирдлагын төв, “Чингис хаан” нисэх онгоцны буудлын ажилтан 162 хүнээс бүрдсэн бие бүрэлдэхүүн тэсрэх бодис илэрсэн газарт үзлэг, шалгалт хийж байлаа.
Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч, дэлбэрэх бодисын хайгуул устгалын бүлгийнхэн 09.10 цагт бодисыг нисэх буудлын талбайгаас гаргаж, аюулгүй болгон, ТЕГ, ЭЦГ, УМБГаас томилогдсон цагдаагийн байгууллагын Ажлын хэсэгт шилжүүлсэн байна. Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн албаны эх сурвалжаас уг зүйл юу болохыг тодруулахад “Нисэх буудлын явах зорчигчдын танхимын бүртгэлийн хэсгийн дэргэдэх хогийн цэгээс цэргийн хээрийн сургуулилалтад ашигладаг бага оврын сургалтын тэсрэх зориулалттай бодис орхисон байсныг бид аюулгүй болгосон. Овор хэмжээний хувьд нэг их том биш. Эрхий хуруунаас арай том, үзүүрт нь гал асаах зориулалттай утастай зүйл байсан. Үүнийг зөвхөн дуу чимээ гаргах зориулалтаар ашигладаг. Бид түүнийг аюулгүй болгосны дараа нисэх гэж байгаа бүх онгоцонд шалгалт хийж, өөр тийм бодис гараагүй учраас нислэгүүд хэвийн үргэлжилсэн. Гарал үүсэл, хэн, ямар зорилгоор авч яваад тэнд орхисныг цагдаа, тагнуулын байгууллагын Ажлын хэсэг хамтран шалгаж байгаа. Бид зөвхөн аюулг үй болгох л үүрэгтэй, түүнийгээ гүйцэтгэсэн” гэлээ. Харин албаны бус эх сурвалж тэрхүү зүйл нь гар аргаар хийсэн жижиг тэсрэх төхөөрөмж бөгөөд шүдэнзний модоор ороосон шинжтэй байсан гэлээ. Олон улсын зорчигчдын танхимын үйлчилгээний газарт ажилладаг эх сурвалжаас болсон үйл явдал, хэн ийм зүйл тавьсан байж болох талаар тодруулахад “Сөүлийн чиглэлд нисэх гэж байсан зорчигчид болон татварг үй барааны дэлгүүрийн худалдагч нарын бүх хүнийг явагчдын танхимаас гаргаж, онцгой, тусгайгийнхан 07.00 цагийн үед шалгалт хийж эхэлсэн.
Явагчдын танхимын ариун цэврийн өрөөний хогийн савнаас тэсрэх бодис олдсон гэсэн” гэв. Мөн тэрбээр “06.20 цагт Японы Осакагийн чиглэлд ниссэн онгоцонд тэрхүү тэсрэх бодисыг тавьсан хүн суугаад явчихсан байх гэж зарим хүн хэлсэн” хэмээв. Энэ талаар онгоцны буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын албаныхнаас тодруулахад мэдэхгүй гэх үгээр ам таглалаа. 09.30 цагийн орчим онцгой байдлын албаныхан онгоцны буудлын эргэн тойронд эрүүлч нохойтой явж, хогийн сав бүрийг шалгаж эхэлсэн юм. Түүнчлэн Сөүлийн чиглэлд нисэх гэж байсан зорчигчдын ачаа тээшийг онгоцноос эргүүлэн татаж, нэг бүрчлэн шалгалт хийсэн. “Airport service” компанийн үйлчлэгч “Өглөө 07.00 цагийн үед манай нэг үйлчлэгч явах танхимаа цэвэрлэж байхад нь хогийн савнаас тэсрэх бодис олдсон гэсэн” хэмээв. Харин тэсрэх бодис олсон гэх уг үйлчлэгч “Онгоцны буудлын удирдлагууд мэдээлэл битгий өгөөрөй гэж хэлсэн” гээд тодорхой зүйл хэлсэнгүй. Зарим эх сурвалж “тэсрэх бодис илэрсэн” гэcэн ч “үзүүлэх сургалт болсон” гэх нэгэн ч таарлаа. Мөн хогийн савнаас олдсон гэх тэр зүйл нь байлдааны зориулалттай бус, сургалтад ашигладаг дуу чимээ гаргах зориулалтын хэрэгсэл байсан хэмээв.
Хэрэв үнэхээр л үзүүлэх сургалт болон сургалтын зориулалттай тэсрэх бодис байсан бол олон улсын нислэгүүдийг саатуулж, онцгой, тусгайгийнхныг дайчлахгүй байсан биз. “Хааны эрэлд-2012” хамтарсан сургуулилалтад оролцсон америк цэргүүд тэсрэх бодисыг үлдээгээд явсан байж болзошгүй гэх таамаглалыг эх сурвалжууд дэвшүүлсэн. Учир нь тус сургуулилалтад оролцсон Америкийн багийнхан энэ өглөө нутаг буцсан бөгөөд онгоцонд оруулж болохгүй эд зүйлийн жагсаалтад бүртгэгдсэн зүйлээ хогийн саванд үлдээсэн байх хэмээн таамаглаж байгаа гэсэн.
Энэ мэдээллийг явагчдын танхимд ажилладаг хүнээс тодруулахад “Америк цэргүүд өглөө манай танхимд орж ирээгүй” гэлээ. 11.20 цагийн үед Сөүл, Москва, Хонконг, Бээжин, Хөх хот руу нисэх зорчигчдын бүртгэл эхэлж, БерлинМосква- Улаанбаатарын нислэгээр ирсэн зорчигчдыг онгоцноос нь буулгав. Харин энэ үеэр онгоцны буудлын аюулгүй байдлын ажилтнууд хэвлэл мэдээллийн ажилтнуудад зураг авах, бичлэг хийх боломж өгөхгүй байсан юм.
11.30 цагийн үед “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын ерөнхий захирал Л.Бямбасүрэн болсон явдлын талаар хэвлэлийнхэнд тайлбар өглөө. Тэрбээр “Нисэх онгоцны буудлын олон улсын явагчдын танхимаас өнөөдөр
06.05 цагт гаднаас нь харахад тэсрэх бодистой төстэй, сэжиг бүхий зүйл илэрсэн. Холбогдох байгууллагаас комисс томилж, шалгалаа. Шалгалтаар тус бодис нь сургалтын дуу чимээ гаргадаг хэрэгсэл болох нь тогтоогдсон. Одоогоор энэхүү зүйлийг хэн, ямар зорилгоор нисэх онгоцны буудлын танхимд орхисон талаар шалгаж байгаа. Ингээд манай зүгээс онгоцны буудлын аюулгүй байдлыг бүрэн нягталж, нислэгийн үйл ажиллагааг хэвийн явцад нь орууллаа. Дэлгэрэнгүй мэдээллийг та бүхнээр дамжуулж, дараа мэдээлэх болно” гэв. Мөн зарим онлайн хэвлэл, сайтад мэдээлсэн шиг хоёр тэсрэх бодис илэрсэн гэдгийг тэрбээр үгүйсгэв. Энэ үеэр Л.Бямбасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Өмнө нь ийм зүйл гарч байв уу?
-Нисэх буудлын хэмжээнд хүмүүсийн ачаа тээшийн аюулгүй байдлыг заавал шалгадаг. Яг ийм тэсрэх бодис шиг зүйл илэрсэн анхны тохиолдол болж байна.
-Ямар хүн оруулж ирснийг нь камерын хяналтаар шүүсэн үү?
-Үүнийг шалгаж байна.
-Зарим хүн камер нь хогийн сав орчмыг тусгаж чадахгүй байгаа гэсэн. Үнэн үү?
-Нисэх буудлын хэмжээнд камерын хяналт байдаг тул бүх зүйл харагдана гэв. Тэсрэх бодисыг хэн, ямар зорилгоор орхисон болохыг тодруулах Хууль, хүчний байгууллагын Ажлын хэсгийнхэнтэй холбогдоход “Ямар нэгэн террорист халдлага зохион байгуулахтай холбоотой буюу түүний талаар дохио болгон урьдчилан анхааруулсан зүйл гэж үүнийг үзэх боломжгүй юм билээ. Магадгүй хэн нэгэн хилээр авч гарах гэж байгаад нисэх онгоцны буудлын Аюулгүй байдал, хамгаалалтын албаныхны анхааруулга, санамж бүхий зурагт хуудсыг хараад хогийн саванд хаясан байж болзошгүй” гэлээ. Ажлын хэсэгт багтсан өөр нэг эх сурвалж “Хааны эрэлд” олон улсын цэргийн хамтарсан сургуулилалт уржигдар дуусан. Зарим орны цэргийн алба хаагчид тухайн өдрийн оройноос эхлээд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин нутаг буцсан. Хээрийн сургуульд оролцсон гадаадын цэргийн алба хаагчид ачаандаа үүнийг хийж яваад хил гаалиар нэвтрэхэд ямар нэгэн асуудал болж, саатуулж болзошгүй гэж үзээд орхисон юм шиг байна билээ. Гэхдээ бид гарал үүсэл зэргийг нь мухарлаж байж, энэ асуудлыг нэг тийш нь шийдвэрлэнэ” гэв.