Манай улсад шинэ төрлийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд цөөнгүй гарч, хууль хяналтын байгууллагынхан уг хэргийг илрүүлэх чиглэлээр багагүй ажил хийж буй. Үүний нэг жишээ бол ЭЦГ-ын Эдийн засгийн хэлтэст Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг байгуулсан явдал. Өмнө нь УМБГ-т Хүн худалдах болон Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг мөрдөх тасаг байгуулсан нь шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллага эрчимтэй үйл ажиллагаа явуулж буйгийн илрэл. Хэдий ийм ч хууль эрх зүйн орчин нь төгс бус учраас шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажил бодитой үр дүнд хүрч чадахгүй байгаа юм.
Үүний жишээ нь, манай нэгэн томоохон арилжааны банкаар дамжуулан их хэмжээний мөнгө угаасан белорусь эрд холбогдох хэргийг өдий болтол тогтоож чадахгүй, гадаадад явуулах мөрдөн байцаалтын ажиллагааг ч олигтой хийж чадахгүй байгаа нь хууль эрх зүйн орчинтой холбоотой гэж эх сурвалжууд тайлбарлаж буй. Беларусь улсын иргэн Александр Сергеевич Соловьевийг Монголын нэр нөлөө бүхий арилжааны банкаар дамжуулан 200 сая орчим ам.доллар угаасан хэрэгт буруутгаж ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс шалгаж эхэлсэн.
Шалгалтын явцад мөрдөн байцаагч нар багагүй бэрхшээлтэй учирчээ. Тухайлбал, Эрүүгийн хуульд зааснаар “Санхүүжилтийн хууль бус эх үүсвэрийг халхавчлах зорилгоор…” гэж заасан байдаг. Хууль хяналтын байгууллагынхан санхүүжилтийн хууль бус эх үүсвэр гэдгийг нь заавал нотлох шаардлагатай болж байгаа юм. Ингэхийн тулд гадаадад очиж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулна гэсэн үг. Харамсалтай нь тийм боломж байхгүй. Тэгэхээр гадаад улсын прокурорын байгууллагад болон мөрдөн байцаалт явуулах эрх бүхий байгууллагад манай мөрдөн байцаагч нар даалгавар бичиж явуулдаг. Харамсалтай нь харь орныхон өөрсдийн хүмүүсээ хамгаалж, манай байцаагчдын даалгаврыг тэр бүр биелүүлээд байдаггүй гэдгийг олон эх сурвалж хэлсэн. Тухайлбал, А.С.Соловьевт холбогдох хэрэгт манай арилжааны банкаар ОХУ-ын арилжааны банкнаас 200 орчим сая доллартай тэнцэх хэмжээний рубль шилжиж ирээд гарсан байгаа нь тогтоогдсон. Харин тус банкныхан “Тийм зүйл байхгүй” гээд төлбөртэйгөөр хэвлэл мэдээлэлд тайлбар гаргасан билээ. Өдгөө уг хэрэгт холбогдсон 50 гаруй насны беларусь эр эрүүл мэндийн байдлын улмаас батлан даалтад гарсан байгаа ч, хууль хяналтын байгууллагаас компанийнх нь санхүүжилтыг хянаж буй учраас ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрсэн удаатай гэнэ. Бидний авсан мэдээллээр А.С.Соловьев манай улсад “Казмонконтакт” болон өөр хэд хэдэн охин компанитай юм байна. “Рокмон”-ы хоёрдугаар давхарт компанийнх нь төв байр байрладаг бөгөөд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж. Тус компани нь Баян- Өлгий аймгийн Ногооннуур суманд Хавцал нэртэй төмрийн хүдрийн орд газарт хайгуул, ашиглалт хийдэг аж. Энэ нь тус компанийн хамгийн том лиценз бололтой. Үүнээс гадна Хэнтий, Сүхбаатар аймгийн заагт Номин тал нэртэй хайгуулын лиценз, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд мөн л хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, үйл ажиллагаа явуулдаг юм байна. А.С.Соловьев “Казмонконтакт” компанийг байгуулахдаа Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу 100 мянган ам.долларын хөрөнгө оруулалт манай улсад хийжээ.
Г.РАВЖАА