Монгол орны байгалийн асар их баялгийн нэг хуш модны самрыг их хэмжээгээр гаргадаг монгол, хятад иргэдийн зохион байгуулалттай бүлэг хууль бусаар хил нэвтрүүлсээр байгаа. Энэхүү зохион байгуулалттай бүлэгт хууль хяналтын байгууллагынхан хол богдож нэрээ сэвтээгээд байгааг бид өмнө нь мэдээлсэн.
Бүр тодруулбал, мэргэжлийн хяналт, гаалийн ажилтнууд, цагдаагийнхан гээд төрийн тусгай алба бүрээс хүмүүс холбогдож, хууль хяналтын байгууллагад шал гуулсаар байгаа. Саяхан гэхэд гаалийн ажилтан наймаачин эрд лацаа өгч хуурамч бүрдүүлэлтээр хилээр самар гаргахыг завдсаныг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт шалгаж буй. Мэргэжлийн хяналт, гааль, цагдаагийнханд хээл хахууль өгөн, хуурамч баримт бүрдүүлж хил давуулахыг завдсан болон нэвтрүүлсэн 27 вагон самрын хэрэг нэг хэсэг дуулиан болж байгаад намжсан. Самрын эздээс НХЭГ-ын эргүүлийн цагдаа нар хахууль болгож, хоёр сая төгрөг авсан гэдгээ хүлээсэн. Гэвч Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж буй энэ хэргийг өнөөг болтол шалгаж, шийдвэрлэж дуусаагүй байна. Учир нь энэ хэргийн гол зохион байгуулагч, хятадуудын гар хөл болж байсан Халзангийн Амар түвшин мөрдөн байцаалтаас оргож, сураггүй болсонтой холбоотой.
Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас Х.Амартүвшинг хагас жил шахам эрэн сурвалжилсны дүнд өнгөрсөн долоо хоногт баривчилжээ. Тэрбээр хятадуудад хууль бусаар эд зүйл гаргахад нь тусалж, зохион байгуулж, хуурамч баримт бүрдүүлж хил давуулж өгдөг байсан гэнэ. Сэжигтэн Х.Амартүвшин 1995-2008 онд цаг даагийн байгууллагад, тэр дундаа Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Тийм учраас хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагад ажилладаг танил талаа ашиглан жонш нэрийн дор их хэмжээний самар хил давуулсан байна. Үүгээр зогсохгүй, эрүүгийн хэрэгт сэжиглэгдэж байхдаа оргон, нуугдсан нь мөн л эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсантай нь холбоотой аж. Тэрбээр өөр өөр нэрээр, нууц хаягаар амьдарч байсан бөгөөд хууль хяналтын байгууллагынхан гүйцэтгэх ажлын шугамаар удаан хугацааны турш мэдээлэл цуглуулж байж, нуугдсан газрыг нь олсон байна. Түүнийг хагас жил орчим нуугдахад цагдаагийн ажилтан найзууд нь тусалсан гэдгийг эх сурвалж хэллээ. Юутай ч хэргийн гол зохион байгуулагчийг олсон болохоор 27 вагон самрын хэрэг шинэ оноос өмнө шийдэгдэх байх гэж прокурорын байгууллагын эх сурвалж өгүүллээ. Өдгөө сэжигтэн Х.Амартүвшинг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих төвд саатуулаад байна.
Г.ЦОЛМОН