Нийтийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын 2011 оны мэдүүлгийг Авлигатай тэмцэх газрынхан хүлээн авч, хянах, бүртгэх, нэгтгэх ажлыг улсын хэмжээнд зохион байгууллаа. Төрийн болон нутгийн захиргааны төв байгууллагууд албан тушаалтнуудынхаа хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн тайлан, мэдээг АТГ-т нэгтгэж ирүүлдэг бөгөөд улсын хэмжээнд нийт 122 байгууллагаас 95 нь албан тушаалтнуудынхаа мэдүүлгийг 100 хувь бүртгэж хүлээж авчээ. Түүнээс 92 байгууллага нь тайлан, мэдээгээ АТГ-т ирүүлсэн байна. Урьдчилсан мэдээгээр хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлбэл зохих 47000 орчим албан тушаалтны 97,7 хувь нь буюу 45000 гаруй нь хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогоо мэдүүлжээ. Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлоо мэдүүлбэл зохих 253 албан тушаалтнаас 252 нь буюу 99.6 хувь нь бүртгүүлсэн байна.
Г.РАВЖАА