Манай улс мал амьтны гоц халдварт шүлхий, шувууны томууны вакцинаас бусдыг нь дотооддоо үйлдвэрлэдэг. Энэ намар Монголын малд 10 төрлийн вакцин тарихаас гурвыг нь гоц халдварт, долоог нь халдварт, халдварт бус өвчнөөс сэргийлэх зорилгоор хийх юм байна. Уг ажилд 1.8 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд ихэнх вакциныг Биокомбинат төрийн өмчит үйлдвэрийн газар захиалгын дагуу хөдөө аж ахуйн салбарынханд нийлүүлэхээр болжээ. Өнгөрсөн жил бруцеллёзын эсрэг вакцинаас үүдэлтэй янз бүрийн маргаан гарсан ч мэргэжлийн байгууллагынхан шалгаж, вакцины урвалаас болж мал өвчлөөгүйг тогтоосон аж. Дашрамд дурдахад, манай улс таван хошуу малыг ээмэгжүүлэх ажил хийж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн жил 1.1 сая толгой малд ийм тэмдэг тавьсан бөгөөд энэ жил 1.8 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Манай улс ээмгээ өмнө нь импортоор оруулж ирдэг байсан бол саяхнаас ХХААХҮЯ, БНЧУ-ын Засгийн газрын хамтарсан төслийн хүрээнд дотооддоо хийх жижиг үйлдвэр байгуулсан гэнэ. Уг үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнээр төвийн бүсийн аймгуудын мал сүргийг ээмэгжүүлэх юм байна.