1991-1997 онд хорих ангиудад олон арван залуус турж үхсэн талаар тухайн үед болсон явдлыг нүдээр харсан хүмүүс өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд гэмт хэрэг үйлдсэн хүн хоригдох нь зүй ёсны хэрэг ч засан хүмүүжүүлэхийн тулд хорьдог болохоос харгислан зовоох ёсгүй гэдгийг онцолж байв.
Дээрмийн хэргээр 14 жил хоригдсон М.Батлхагва өнгөрсөн жил суллагдсан аж. Тэрбээр хоригдож байх хугацаандаа 1990-ээд онд цаг бусаар амиа алдсан залуусын талаар олон нийт болон ар гэрийнхэн, Төр Засгийн түшээдэд үнэнийг дуулгахыг зорьсон гэнэ. Архангай аймгийн Өлзийт сумын харьяат н.Ганбаатар 1991-1995 онд Багануурын хорих ангид ял эдэлсэн аж. Тэрбээр “Тухайн үеийн хорих ангид хүн амьдрах нөхцөлгүй, хоол хүнс, ариун цэврийн хэрэгсэл, хувцас бараг өгдөггүй байсан. Амиа алдсан залуусыг сүрьеэ өвчний улмаас нас барсан гэж эмч нар оношилдог ч үнэндээ бол тураалаар л нүд аньсан. Өдөрт хоёр хүн тураалаар өнгөрөх энүүхэнд. Хүнс нь 3-7 хоног тасарч ирэхээр өлсөхийн эрхэнд хоригдлууд хулгана хүртэл идэх тохиолдол гардаг байсан. Бүр тураалынхан гэсэн бүлэг хүмүүсийг зооринд тусгаарладаг байсан. Тэдний гарын алга нь наранд гэрэлтэж харагддаг байлаа.
Тэр үеийн Төр Засгийн удирдлага хоригдлуудыг ийм байдалтай болгосныхоо төлөө ар гэрийнхнээс нь уучлалт гуйх ёстой” гэв.