Авлига гэгч “мангас” Монгол орны бүхий л байгууллагыг хэрж, мөнгөнд ухаанаа мэдүүлсэн зарим ажилтан, ажиллагсад нь үндэсний аюулгүй байдал, улс орноо худалдахад ч бэлэн болчихсон гэдэгтэй олон хүн санал нийлэх биз. Дархан хилийн амгалан тайван байдлын төлөө, буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй байх ёстой хил, гаалийнхан авлигын хэрэгт холбогдсон тохиолдол олон. Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын нэг болох хилийн цэргийн алба хаагч, авлига авч, хуурамч бичиг баримт бүрдүүлэн хятад хүнийг улсын хилээр нэвтрүүлсэн нэгэн хэргээс уншигчдадаа хүргэе.
Хахууль авахын төлөө хүүхэд асрах
чөлөөгөө “хаяв”
Монгол Улсын өмнөд хилийн боомт хот бол Замын-Үүд. Тус боомтод түм түжигнэж, бум бужигнаж хөлтэй нь хөлхөж байдаг газар гэдгийг монголчууд бүгд мэднэ. Монгол Улсаас хөөгдөн гарч буй хятад, вьетнамууд ч энэ замаар галт тэргээр урд хөршийг зорьдог нь нууц биш. Өмнөд хилийн манаанд хилчид нойр хоолоо умартан зүтгэж байхад, хилчин шалгагч нар нь хахууль аваад хил зөрчүүлж байгаа нь эмгэнэлтэй. Хилийн цэргийн 0108 дугаар тусгай ангийн хилчин шалгагч, офицер Б.Майжаргал гэх эмэгтэй, өргөсөн тангаргаа зөрчин, харийн хүнийг эх орондоо нэвтрүүлсэн байгаа юм. Уг хэрэг явдал өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 21-нд болжээ. Тэрбээр тухайн үед хүүхэд асрах чөлөөтэй байсан аж. Гэвч тэрбээр авлига авахын төлөө хүүхдээ орхиод хилийн бүсэд ирж, хилчин шалгагчдын ажлын байраар орж гарч байгаад, БНХАУын иргэн Гүн Ин Ван гэгч хүнийг хилчдэд шалгуулалгүй улсын хил нэвтрүүлсэн байна. Ингэснийхээ төлөө тэрбээр Хятадын иргэнээс есөн мянган юань буюу 1.7 сая төгрөг авчээ. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа мөнөөх хятад эрээс 500 мянган төгрөгийг ХААН банкны дансандаа хийлгэж авсан байх юм. Ингээд Хятадын гар хөл болж, Монгол Улсын хилийн аюулгүй байдал, тусгаар тогтнолд сөрөг нөлөө учруулж болзошгүй гэмт хэргийг тэрбээр үйлджээ. Төрийн алба, тэр дундаа тусгай албанд хүнийг авч ажиллуулахдаа хууль хяналтын байгууллагынхан маш нарийн судалж авдаг байлтай. Гэтэл ХХЕГ-ынхан Б.Майжаргалыг хилчин шалгагчаар сургаж ажилд авахдаа танил тал, ар өврийн хаалга хэрэглэсэн үү, эсвэл бичиг баримтыг нь шалгахдаа хайхрамжгүй хандсан бололтой. Уг нь төрийн тусгай албанд ял шийтгэгдэж байгаагүй хүнийг авч ажиллуулах журам төрийн ямар ч байгууллагад үйлчилдэг шүү дээ. Гэтэл хилчин шалгагч Б.Майжаргал 1997 оны аравдугаар сарын 24-нд 1986 онд баталсан Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу хулгайн гэмт хэрэг үйлдэж, 1.6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байжээ. Шүүх тухайн үед түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн засрал хүмүүжлийг олох боломжтой гэж үзээд дээрх ялыг тэнсэн харгалзах ялаар сольсон байдаг юм байна. Хэдийгээр шүүхээр анх удаа ял шийтгүүлснээс хойш олон жилийн хугацаа өнгөрсөн ч төрийн тусгай албанд ажиллах энэ хүнийг сайн судлах, ял шийтгэлгүй гэх тодорхойлолтыг үндэслэх нь хэт өрөөсгөл баримт бичиг гэдэг нь үүнээс харагдаж буй юм. Тиймээс цэрэг, цагдаа, тагнуул гээд үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагад ажилд орж байгаа хүмүүсийн ял шийтгүүлсэн эсэх тодорхойлолтыг нарийвчлан сайн судалж байх хэрэгтэйг энэ хэрэг харууллаа.
Амиа хоохойлохын тулд эхнэрээ золиослоход ч бэлэн эр
Хилчин шалгагч Б.Майжаргалд мөнгө өгч, улсын хил нэвтэрсэн хүн нь БНХАУын иргэн Гүн Ин Ван. Түүнийг Монгол Улсын холбогдох хууль журмыг зөрчиж, визийн хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр 2008 оны арваннэгдүгээр сарын 21- нээс хойш зургаан жилийн хугацаагаар манай улсад орж ирэхийг хоригложээ. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2008 оны арваннэгдүгээр сарын 28-ны 291 тоот тушаалын хавсралтад түүний нэр тодоос тод “дурайж” байгаа юм. Гэвч Монголд байгаа эхнэр хүүхдээ санасан хэмээгээд манай улс руу “тэмүүлж”, Эрээнээс Замын-Үүд рүү ачаа хүн тээвэрлэдэг машинд сууж орж иржээ. Ингэхдээ хилчин шалгагч нарт бичиг баримтаа нэг ч удаа шалгуулалг үй, Б.Майжаргалын “буян”- аар Монголд орж ирэхийг хориглосон хүн гэдгээ мэдэгдэлгүй орж иржээ. Харин хууль хяналтын байгууллагынханд “Би Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрээгүй. Хууль бусаар оршин сууж буйгаа ч мэдээгүй. Б.Майжаргалд өөрийн гараар нэг ч төгрөг өгөөгүй. Миний эхнэр Г.Баасан энэ хүмүүстэй уулзаж, мөнгө төгрөг өгсөн байх” гэжээ. Амиа аварч, шоронд суухгүйн тулд монгол эхнэр Г.Баасангаа ийнхүү золионд гаргахад ч бэлэн байгаа нь түүний мэдүүлгээс харагдах юм. Гэхдээ эхнэр Г.Баасан нь энэ хэргийг зохион байгуулж, Н.Өнөрчимэг, Б.Золжаргал нарт нөхрөө Монголд авчрах санаатай байгаагаа хэлж, хил, гаальд таньж мэдэх хүн хайсаар тэднээр дамжуулж Б.Майжаргалтай холбогдсон аж. Ингээд нөхрөө Монголд оруулаад ирвэл хөлс шанг нь гомдоохгүй хэмээжээ. Ингээд эхнэр Г.Баасан болон Н.Өнөрчимэг, Б.Золжаргал нараар хамжуулан байж, улсын хилээр нэвтр үүлэхийг хориглосон хятад эр Монгол Улсад хууль бусаар оршин сууж эхэлж. Эхнэр, нөхөр хоёр Н.Өнөрчимэг, Б.Золжаргал нарыг ч зүгээр өнгөрөөсөнгүй, гарыг нь цайлгаж 300 юань тус бүрт нь өгчээ. Гүн Ин Ваныг Монголд орж ирсний дараа цагдаа, ГИХАЭГ-аас шалгалт хийж, Гүн Ин Ваныг Монголд хууль бусаар хоёр ч паспорт ашиглан амьдарч байгааг илрүүлжээ. Хятад эр G17579599, G49213921 гэсэн хоёр паспорт БНХАУ-д байхдаа өөртөө гаргуулж авсан юм байна.
Хадам аав, ээжээ асрахын тулд улсын хил зөрчсөн гэжээ
Хууль хяналтын байгууллагынхан энэ хэргийг илрүүлэн шалгаад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд анхан шатны журмаар хэлэлцэн ял оноожээ. Гэвч ялтан Гүн Ин Ван болон түүний монгол эхнэр Г.Баасан нар Нийслэлийн шүүхэд давж заалдсан бол, Б.Майжаргалын өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай буйгаа илэрхийлсэн байна. Гүн Ин Ван өмгөөлөгчийнхөө хамт гаргасан давж заалдах гомдолдоо “Зориуд санаатайгаар улсын хил зөрчөөгүй. Монголд ирж хадам аав, ээж болон хүнд өвчин туссан эхнэр Г.Баасангаа асрах гэсэн. Тиймээс энэ байдлыг харгалзан үзэж хорих ялаас өөр төрлийн ял оноож өгнө үү” гэжээ. Анхан шатны шүүх Б.Майжаргалыг урьдчилан амлаж, Гүн Ин Ваны ашиг сонирхлын тулд түүнийг хилчин шалгагч нарт шалгуулалгүй нэвтрүүлж, хоёр сая гаруй төгрөгийн хахууль авсан. Ингэхдээ бусадтай бүлэглэн тохиролцсон төдийгүй энэ хэргийн зохион байгуулагчаар ажилласан гэм буруутай гэж шүүх тооцжээ. Улмаар түүнд төрийн алба хаах эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, гурван жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Б.Майжаргал нь нялх хүүхэдтэй учир хорих ял эдлүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулсан байна. Харин Гүн Ин Ваныг улсын хил хууль бусаар нэвтэрсэн, бусдад хахууль өгсөн, Монгол Улсад оршин суух журам зөрчсөн гэм буруутайд тооцож, гурван жил хорих ялаар шийтгэжээ. Энэ хэргийн бусад холбогдогч болох Г.Баасан, Н.Өнөрчимэг, Б.Золжаргал нар бусдыг улсын хил нэвтрүүлэх гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Г.Баасанд хоёр, нөгөө хоёрт нь 1.6 жил хорих ял оноохоор шийдвэрлэжээ. Шүүхээс Г.Баасан, Н.Өнөрчимэг нарт оноосон ялыг тэнсэн харгалзах ялаар сольж шийдвэрлэсэн бол Б.Золжаргалыг Б.Майжаргалын нэгэн адил хүүхэдтэй гэдгийг нь харгалзан үзэж, хорих ялыг нь нэг жилийн хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч нарын хээл хахуулийн мөнгийг хураан авч улсын орлого болгох болжээ. Нийслэлийн шүүхээс Гүн Ин Ван, Г.Баасан нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхг үй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ. Гүн Ин Ванд оноосон ялыг эдэлж дуусмагц, улсын хилээр албадан гаргах аж.
Г.РАВЖАА